designer Монгол-д бичсэн
, сэтгэгдэл үлдээх
Энэ үг сүүлийн үед их моод болж. Имиждээ анхаардаг хөөрхөн охидын сонинд өгсөн ярилцлагаас авахуулаад сонгуульд орж байгаа улс төрийн луг зүтгэлтнүүд хүртэл үргэлжлэнэ. Үг нь шинэ болохоос ухагдахуун нь эртний эд. Бусдад ямар сэтгэгдэл төрүүлж буйг л хэлж буй хэрэг. Гадаад өнгөнөөсөө гэхээс дотоод чанарыг нь хүмүүс юу гэж үнэлж байгааг, өрөөр хэлбэл бусдад ойлогдож байгаа үнэлэмж юм.
Хэн нэгний тухай бид өөрийн төсөөлөлтэй байдаг. Харамч, худалч, хулгай хийж магадгүй, хэлсэндээ хүрдэг, ухаалаг, шал мангуу гээд л. Тухайн хүний талаар олон хүн ингэж бодож байвал тэр нь имиж болно. Имиж үнэн ч байж болно, худлаа ч байж болно. Гадаад төрхнөөс болж хүний зан чанарын тухай буруу имиж үүсэх нь их. Мөн урьдын хийсэн үйлдэл, хов жив, цуурхал, зарим санаандгүй алхам хүмүүсийн дунд буруу төсөөлөл ойлголт буй болгодог. Үүнээс гадна тухайн хүнд буй болсон имижийг бусдад нь нааж ойлгох явдал маш түгээмэл. Увсынхан тийм, эмэгтэйчүүд ийм, Гонгорынхон тийм, цагдаа нар ийм гэх мэт. Үнэндээ цагдаа нар ч, эмэгтэйчүүд ч хоорондоо нийтлэг гэхээсээ ялгарах юмаараа их. Нөгөө талаас нэгэнт буй болсон имиж барагтай бол арилдаггүй. Нэг л хулгай хийгээд баригдсан бол хүн болгон тэр имижээр нь харна. Муу нэрийг хусавч үл арилна, сайн нэрийг хүсэвч эс олно гэдэг имижийн тухай яриа.
Үндэстэнд өөрийн имиж байдаг. Оросууд эх оронч, америкчууд прагматик, германчууд нягт нямбай, хятадууд наймаачин, жүүд нар ухаантай, шотландууд харамч гэх мэтээр олон хүн шууд ойлгодог. Үнэндээ ийм ч байж магадгүй, үгүй ч магад, юутай ч бүх шотланд хүн харамч биш, бүх жүүд ухаантай биш нь ойлгомжтой. Гэхдээ л бид ингэж ойлгодог, яагаад гэвэл тэр үндэстний нийтэд түгсэн төсөөлөл имиж. Имиж өөрчлөгддөг. Зуун жилийн өмнө япончуудыг залхуу назгай гэж үздэг байж. 50 жилийн өмнө тэдний бүтээгдэхүүнийг хямд, чанаргүй гэж үнэлдэг байж. Одоо ямар билээ? Гэхдээ ингэж өөрчлөгдөхөд хэцүү, цаг хугацаа, нөр хөдөлмөр орно.
Монголчууд ямар үнэлгээ имижтэй вэ? Үнэндээ ямар ч имижгүй өдий хүрсэн юм. Мэддэггүй л байхгүй юу даа. Монголын тухай 1990 онд “Мартагсан орон” нэртэй ном Англид гарч байлаа. DHL гээд дэлхийг нөмөрсөн нэгэн шуудангийн компани байх. Тэд 1987 онд дэлхийг бүрэн хучсан, Антрактидад ч хүрч чаддаг болсон хэмээн томоохон хүлээн авалт Лондонд зохиожээ. Харин дайллагад байсан нэгэнбээр DHL-ийн очоогүй газар байгааг дуулгав. Куба, Хойд Солонгос хоёрт улс төрийн шалтгаанаар очиж чадахгүй байгаадаа хүлцэл өчнө. Үүнээс өөр нэлээд том газар нутагтай бас нэг орон онгорхой үлдсэн гэж ярихад эзэн ихэд эгдүүцэж үнэхээр тийм бол 10 мянган паундаар шууд мөрийцье гэжээ. Монголд тэдний компани очоогүй байгааг мэдсэн эзэн мөрийд мөнгөө алдсандаа биш, ийм том газар нутгийг онгорхой орхисондоо ихэд ичсэн гэдэг. Дэлхийд газар нутгаараа 17-д орох том орон үнэхээр мартагдсан газар байсан юм.
Соёл боловсролтой хэн ч Чингис хааныг мэднэ л дээ. Дэлхийн бүх сургуульд түүхийн хичээлээр заадаг. Ихэнх газарт тэрээр зэрлэг балмад, галдан шатаагч, эзлэн түрэмгийлэгч гэдэг имижтэй. Боссон юмыг нураагаад байдаг хүнийг солонгосчууд Чингис гэдэг бол, хүүхдээ айлгах гэхээрээ араб персүүд “Чингис ирнэ шүү” гэнэ. Мангас, эрлэг гэсэн санаа. Оросуудын хувьд Чингис бол ер бусын балмад эзлэн түрэмгийлэгч. Ямарсайндаа Бухарин Сталиныг “Телефонтой Чингис” гэж хочилж байхав! Чингисийн байлдан дагууллын тухай хамгийн ихээр түүхчлэн бичсэн хүмүүс нь араб персүүд, ялагдсан тэд л их хааны тухай ийм имиж анхлан тараажээ. Харин сүүлийн үед энэхүү байлдан дагуулал нь дэлхийн түүхийг өөрчилсөн тухай, үүний хүчээр өрнө дорнын соёл солилцоонд орсон тухай, Чингис хааны менежмэнт аугаа байсан тухай яригдах боллоо. Гэхдээ л сайнаасаа муу имиж нь хэвээр хадгалагдсаар байгаа.
Монголчуудыг маш сайн мэдэх үндэстэн бол оросууд, хятадууд. Хятадууд монгол болон бусад нүүдэлчдийг бүдүүлэг, зэрлэг, дайчин, хүчирхэг, догшин гэж нэрлэдэг төдийгүй ойлгодог. Энэ имиж тэдний дунд нэн эрт бүрэлдсэн ба одоо ч амь бөхтэй хэвээр. Одоо ч тэд монголчуудаас бишүүрхдэг, “хүндэлдэг”, бүдүүлэг соёлгүй гэж басамжилдаг. Оросууд, ялангуяа тэдний язгууртнууд монголчуудтай ихээхэн цус холилдсон. Хожим Карамзин “монгол-татаарын дарлал” гэсэн нэр гаргаж имиж бүрдүүлжээ. Харин коммунизмын үед Монголд нийтдээ нэг сая орчим оросууд ирж байсан учир монголчуудыг өөрсдийн ихээхэн басамжилж үздэг чукча үндэстний зэрэгт үзэх болжээ. Оросын шогчид дорд үзэх юмныхаа жагсаалтанд юун түрүүн монголыг оруулна. Үгүйдээ л Олимпын наадмын үеэр тайлбарлагч Монголын тамирчид гараад ирүүт л доромжилж басамжилж гарна даа. Яагаа ч үгүй шүү дээ, бусад орны нэгэн адил манайхан зүгээр л жагсаад явж байхад.
Сүүлийн хориод жилд монголчуудыг энд тэндгүй мэдэх болжээ. Монгол гэж мэдэхгүй япон, солонгос хүн лав үлдээгүй байх. Бөхчүүд, хар цагаанаар ажиллагсад юутай ч өөрсдийгөө таниулсан. Өнгөрсөн жил бидний хориод хүн Америкт очиход гаалийнхан онцгой анхааран шалгаж байна билээ. Мах болон эм тариа их оруулдаг учир андахаа больсон гэнэ. Франц, Швейцарьт манайхан их хулгай хийдэг учир тийм имижтэй болж байх шиг, юутай ч цагдаа, дэлгүүрийнхэн сайн мэддэг болжээ. Солонгост гайгүй нэртэй, ажилд сайн, ер нь элгэн садан гэдэг утгаар. Япончууд хятадаар дамжуулан биднийг бие томтой хүчирхэг, догшин ширүүн гэж ойлгодог байсан нь сумочдоор дамжин баталгаажиж байх шиг. Монгол нээлттэй болохын хэрээр гадныхан их ирэх боллоо. Бидний цамаан, ам ажлын зөрүүтэй, баярхуу, цаг баримталдаггүй, мэддэхгүй юмгүй мөртөө хийж чадах юмгүй, хулхи, хийж байгаа юмаа хэзээ ч дуусгадаггүй чигт нь хаячихдаг зэрэг муу талууд танигдаж л байгаа байх. Гэхдээ нээлттэй, комплексгүй, ямар ч шинэ нөхцөлд амархан зохицдог, тусархуу зэрэг олон сайн талуудыг ч тэд ажиглаж байгаа. Нэг хэсэг манайд ирсэн сэтгүүлчид траншейнд амьдардаг хүүхдүүдийн зургийг авч гаргасаар байгаад биднийг цөмөөрөө газар дор амьдардаг юм шигээр төсөөлөх болж билээ. Одоо ч тэгэж ойлгодог улс цөөнгүй л байх.
Дэлхий улам даяаршиж, биенээсээ хамаарах хамаарал өсөж байна. Бид хүн төрлөхтний нэг хэсэг. Бид тэднээс, тэд биднээс хамааралтай цугтаа амьдрах болно. Дэлхийд танигдаж эхэлж буй бидэнд эхнээсээ сайн имиж хэрэгтэй. Фрэнсис Фүкүяама “Итгэл” гэсэн ном бичсэндээ дэлхийн үндэстнүүдийн имижийг судалжээ. Өнөөгийн дэлхий япон, герман хүнд хамгийн их итгэдэг юм байна. Хүнийх нь чадварт ч, бараа бүтээгдэхүүнийх нь найдварт ч. Латин, африк зэрэг үндэстнүүдийн итгэлийн итгэлцүүр тун бага. Энэ нь тухайн үндэстний ямар имиж бүрдүүлж чадсанаас болж буй хэрэг. Бид ч ялгаагүй Боливт хийсэн тариур, Жибуттид үйлдвэрлэсэн эм, Папуа Гвинэйн чихэр хэрэглэхээс татгалзах вий. Тээр жил манай Засгийн газрын зөвлөхөөр Сүхдэв алав гэсэн сонин нэртэй балба хүн ирсэн нь сонин хэвлэлийн доог тохуу болж байсан. Магадгүй Сүхдэв гуай сайн мэргэжилтэн байж болох, гэхдээ л улсынх нь имиж онцгүй байсан хэрэг. Ойрмогхон Солонгосын нэгэн компаний урилгаар францчууд мэргэжилтэн илгээжээ. Ирсэн мэргэжилтэн монгол хүн байсанд тэд гайхсан төдийгүй дургүйлхсэн гэдэг. Мундаг хүн болоод л явуулсан байж таараа, гэхдээ ийм нарийн мэргэшил имиж хоёр нь таарахгүй байгаа хэрэг.
Бид бусадтай адил, тэднээс дутахгүй байж энэ имижийг бүрдүүлэх нь гол юм. Харин ойрын нэлээд олон жил монгол хэмээх онцгой бүтэц бүхий Субъектийн тухай бид л өөрснөө их ярих боллоо. Хүн сонсвол ичиж үхмээр. Нэлээд дажгүй боловсролтой болов уу гэхээр олон хүн надаас монголын онцгой генийн талаар асууж байсан. Солиотой улсуудын ийм яриа сонссоор байгаад сүүлдээ өөрснөө үнэмшдэг болчиж. Хэрэв бид бусад үндэстнээс өөр онцгой гентэй юм бол хомо сапенс буюу ухаант хүн хэмээх биологийн зүйлд үл хамаарах ямар нэг өөр амьтан болж хувирах нь байна. Хүнд 30 мянга орчим ген бий, түүн дотор эскимос, камбожи, монгол хүний ген гэж юм байхгүй. Хүмүүс хоорондоо соёлын л ялгаатай. Хүн сармагчин хоёрын гений бүтцийн 90 гаруй хувь нь яг адил байдаг. Гэтэл бид хомо сапенсаас өөр тэрхүү монгол ген гэгчээ ариун цэврээр нь хадгалах тухай их ярихыг нь яана! Монгол хүн тэнгэр заяатай л гэнэ. Бусад үндэстэн тэгээд ямар заяатай хэрэг вэ? Генетикчдийн үзэж байгаагаар 20 мянга гаруй жилийн өмнө хүний тодорхой популяцид хүүхдийн бөгсөн дээр цэнхэр толбо гарсан байна. Тэр үед монгол үндэстэн байтугай ерөөс хэл ч үүсээгүй байсан. Хүн анх Монголд биш Африкт үүсээд дэлхийгээр нэг тархсан гэдгийг шинжлэх ухаан хэдийнээ баталсан. Оюуны илтгэцүүр хүний амьдрах бүтээх, амжилт гаргах гол үзүүлэлт биш, гэхдээ үүнийг сонирхлын журмаар тогтоодог, зарим үндэстний дундажийг гаргасан судалгаа бий, харин судалгаанд монголчуудыг хамруулсан баримт алга. Бид бүх юмаараа бусдаас хоцрохгүй, гэхдээ онцгойрохгүй л байвал барав. Хүний зүйлээс өөр болж амьтнаараа дуудуулах л эвгүй шүү дээ.
2008 оны 10 дугаар сар 14
designer Загвар, Монгол, Фото-д бичсэн
, сэтгэгдэл үлдээх
Window.mn дээр Гоёл 2008, наадамын нэлээд дажгүй зурагнууд байна ороод сонирхоорой.
designer Монгол-д бичсэн
, сэтгэгдэл үлдээх
Олны танил буюу бидний нэрлэдгээр “одууд” ямар брэндийн хувцсаар гоёх дуртай бол. Тэд хувцсаа хаанаас авдаг бол. Мэдээж Та сонирхож байгаа биз дээ.

“Киви” хамтлагийн УКА:
-Бид гурвуулаа “Урлах эрдэм” дээд сургуулийн загварын товчооны байнгын үйлчлүүлэгч. Тэдэнд хүссэн загвараа хэлэхэд санаанд хүртэл хийж чаддаг. Тоглолтын хувцсаа ч энд хийлгэдэг. Энгийн үед биед эвтэйхэн, чөлөөт стилийн хувцас өмсөх дуртай. Хөнгөхөн шаахай, жинсэн өмд биед ямар эвтэйхэн билээ дээ. Тэр бүр брэнд, фирм гэж чухалчилгүй таалагдсан хувцсаа худалдаж авдаг. Хааяа дэлгүүр хэсэх сайхан. Сүүлийн үед дэлгүүрүүд сонголт өргөн болсон шүү дээ.

“Номин талст” хамтлагийн ахлагч Д.БАТСYХ:
-”Bоss”, “Zаrа”-гийн костюмыг өмсөх дуртай. Эдгээр фирмийн хувцасны чанар, хийц нь таалагддаг юм. Мөн жинсээр гоёх дуртай. Яагаад гэвэл, хэзээ ч моодноос гардаггүй, загварын ертөнцөөс арчигддаггүй хувцас. Иймээс хүн бүр өмсөх дуртай байх. Дуунд хүртэл “…хуучраагүй жинс” гэж дуулдаг биз дээ. Биед чөлөөтэй амар байдаг юм. Худалдаж авахын хувьд тэр бүр дэлгүүр хэсээд байдаггүй ээ. Зав ч бага. Гадагшаа тоглолтоор явахдаа дэлгүүр хэсдэг юм. Хамтлагийн гишүүдээс Хаянаа сонголт хийхдээ илүү болохоор бид түүнд энэ ажлыг даатгадаг байсан.

Хийлч ДЭЛГЭРЦЭЦЭГ:
Монголын загвар зохион бүтээгчдийн бүтээлийг амьдруулах дуртай. Тэдний загвар шинэлэг байж чаддаг болохоор надад таалагддаг юм. Жишээлбэл, загвар зохион бүтээгч Д.Баярцэцэгийн урласан даашинзыг харсан хүн бүр “ямар гоё юм бэ” гэж уулга алддаг. Фирмийн хувцас гэхээс илүү таалагдсан загвартай хувцас бол хямдхан байсан ч худалдаж авдаг. Гол нь надад таалагдаж байвал болох нь тэр. Харин гутлын хувьд чанартайг нь сонгохыг чухалчилдаг.

Дуучин С.СЭРЧМАА:
“Gucci”, “D&G”, “Dior”-ын хувцас, эдлэлийг хэрэглэх дуртай.Тэр тусмаа чөлөөт загвартай хувцсанд нь. Гадагшаа тоглолтоор явахдаа ихэнх хувцсаа худалдаж авдаг.Харин ойрын үед хувцас аваагүй. Удахгүй Японд тоглолттой.
-Тоглолтынхоо талаар сонирхуулахгүй юу?
-Сайн үйлсийн төлөө зориулагдсан хандивын тоглолтод оролцохыг урьсан. Эндээс олсон орлогоо хүүхдүүдийн төлөө ажилладаг байгууллагуудад хандивлах юм билээ.
www.sonin.mn-c
designer Загвар, Монгол, Мэдээлэл-д бичсэн
, сэтгэгдэл үлдээх


Бөмбөрийн нүргэлэх дуут чимээ, аялгуу айзамд хөг орох мэт загвар өмсөгч бүсгүйчүүд эрхэмсэгхэн алхана. Өмссөн хувцасныхаа уран шаглаа, донж маягийг зөвхөн өөр дээр нь л тусах тэр олон мянган харцанд мэдрүүлж, гоо сайхны таашаал, утга төгөлдөр орон зайг бэлэглэх нь тэдний үүрэг хийгээд үндсэн ажил нь аж. Ийм бодол ардын зураач Ү.Ядамсүрэнгийн ач, төрийн шагналт зураач Я.Үржнээгийн охин Ү.Юмжирын “Гламур” нэртэй загварын шоуг үзэж суухад төрж байв.

“Улаанбаатар” ресторанд зохиогдсон уг шоу эрхэмсэг гэгээн үдэш гэж юу болохыг хүрэлцэн ирсэн зочдод мэдрүүлээд авсан. Тасалбар нь багагүй өндөр үнэтэй байсан. Тиймдээ ч цөөн тооны “чанартай” үзэгчдийг цуглуулсан байлгүй. Өвлийн болон өдөр тутмын гоёлын 100 гаруй загварыг үзүүлсэн юм. Өвлийн улирал хаяанд ирсэн энэ цагт уг арга хэмжээ охид бүсгүйчүүдэд ихээхэн “хөрөнгө оруулалт” өгсөн байх. Ач холбогдол нь ч үүнд оршиж байгаа болов уу.
Загвар зохион бүтээгч бүсгүй “Гламур” шоугаа өвөө аавынхаа дурсгалд зориулжээ. Ардын зураач Ү.Ядамсүрэн гуайг нийтэд алдаршсан түүхэн зургуудаас гадна үндэстний угсаатан зүйн чиглэлээр олон арван бүтээл туурвисныг мэдэх билээ.
Н.Гантулга
Зурагчин: Я.Аранжинбаатар
Огноо: 2008-10-14
www.dailynews.mn-c
designer Монгол, Мэдээлэл-д бичсэн
, сэтгэгдэл үлдээх
Нэтээр зочилж яваад нэг ийм нэртэй сайт олсон юм. Загвар талдаа нэлээд дажгүй мэдээлэлтэй, бас их ойр ойрхон шинэ бичлэг гаргадаг бололтой сайт байналээ. Үе үе зочилход гэмгүй гэж.
designer Загвар, Монгол, Мэдээлэл-д бичсэн
, сэтгэгдэл үлдээх

Мэдээ: -Сайн явж ирэв үү. Вашингтонд болсон загварын долоо хоног ямаршуухан болж өндөрлөв. Энэ тухай ярихгүй юу?
-Олон улсын хэмжээнд зохиогддог тус арга хэмжээ өнөө жил ес дэх удаагаа болж өндөрлөлөө. Тус загварын долоо хоног Америкийн загварын ертөнцийнхний дунд болдог наадмын томоохонд тооцогддог юм билээ. Дизайнер Э.Баярцэцэг бид хоёр Вашингтон хотод болсон олон улсын загварын цуглуулгын үдэшлэгт уригдаж очсон.

“DC fashion week” нэртэйгээр долоо хоног үргэлжилсэн энэ арга хэмжээнд Монгол, Итали, Казахстан, Унгар, Узбекстан гээд дэлхийн олон орны 100 гаруй дизайнер оролцсон.
Түүнчлэн энэ сарын 21-ний өдөр зохиогдсон загварын цуглуулгын үдшийг нээж, хамгийн эхэнд үндэснийхээ хувцсыг олонд сонирхуулах үүрэг бидэнд оногдсон юм. Монгол дизайнеруудын бүтээсэн хувцсыг өмсөж олонд хүргэх 60 гаруй загвар өмсөгч өөрсдийн танилцуулах хуудсаа бариад хэдийнэ тэнд ирчихсэн байсан.
-Тэр үдшийн нээлт монгол дизайнеруудын урласан загвараар эхэлсэн нь ямар учиртай юм бэ?
-Загварын үзүүлбэрт оролцохоор холоос уригдаж ирсэн зочид гэдэг утгаар монгол хувцсыг хамгийн түрүүнд сонирхуулах эрх олгосон юм.
-Тэгэхээр монгол үндэсний ямар хувцсыг тэнд сонирхуулав. Хүмүүс хэр хүлээж авсан бэ?
-Бид хоорондоо ярьж байгаад миний зохион бүтээсэн ХII-ХIII зууны үеийн монгол хатдын өмсгөл бүхий загвараар эхлүүлж, дизайнер Э.Баярцэцэгийн “Үдшийн хатад” коллекциор өндөрлөсөн. Тэдгээр загваруудаас “Зоос” коллекци маань үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татсан гэж болно. Тэгээд ч монгол хөөмийн аялгуу “Зоос” загвартай хосолсныг биширсэн үзэгчид дуу алдсан. Уг нь ямар ч загварын үдэш чимээ шуугиангүй, намуухан болж өндөрлөдөг. Гэтэл энэ удаад монгол хувцасны үзүүлбэр дуусах хүртэл хүмүүсийн алга ташилт үргэлжилсээр байсан нь бидэнд их урам өгсөн юм.

Ер нь монгол хувцасны үндсэн өнгө нь тод, асар их бэлгэдэл агуулагдаж байдгаараа өвөрмөц юм л даа. Улаан өнгө гал, цэнхрээр хөх тэнгэрийг бэлгэдсэн байх жишээний.
Тухайн үдэш шүүгчид болон энгийн хүмүүс “Монгол хувцас зохиомж сайтай. Илэрхийлэх чадвараар ч маш сайн болжээ” гэж хэлж байсан юм. Энэ удаагийн загварын долоо хоногт бид хоёулхнаа оролцоод ирлээ. Бидний дээрх арга хэмжээнд оролцох зардлыг “Монгол костюмс” төвөөс гаргасан.

-Тэгэхээр нийт хэдэн хувцсаар загварын арга хэмжээнд оролцсон гэж?
- “Зоос”, “Хатдын үдэш”, “Янжинлхам” болон “Монгол костюмс” төвийн судлаач, зураач, дизайнеруудын бүтээсэн “Эзэнт гүрний бахархал” коллекциудаар оролцсон. Нэг коллекци гэхэд арваад хувцастай. Торгоор хийсэн 40 гаруй монгол дээлийг гоёл чимэглэлтэй нь авч явах тийм ч амар байгаагүй. Монгол дизайнеруудын хувьд анх удаа загварын энэ томоохон арга хэмжээнд оролцож байгаа учраас бид хичээсэн. Үүний үр дүнд, ирэх сарын 19-нд Нью-Йорк хотноо болох загварын шоунд оролцох саналыг бидэнд тавьсан юм. Ямартаа ч тэндхийн хүмүүст Монголын тухай ойлголтыг өгч чадлаа гэж үзэж байна. Учир нь тэдний дунд “Монголоос энэ хүртэл сар гаруй хугацаанд явж ирсэн үү” гэж асуух хүн ч байсан. Тухайн үед монгол үндэсний хувцсыг Америкийн загварын ертөнцөд таниулсныг олон хүн шагшин ярьж байсан юм. Тэдний дунд тус улсад аж төрдөг монголчууд ч байв.

-Гадаадад амьдардаг монголчуудтай тухтай ярьж амжив уу. Тэд ямаршуухан аж төрж байна?
- Хэд хэдэн хүнтэй дотно танилцсан. Манай монголчуудаас нэлээд хэдэн хүн Америкийн загварын томоохон компаниудад туслах дизайнерээр ажилладаг юм билээ. Энэ нь тэдний хэр авьяастай, хөдөлмөрч гэдгийг илтгэнэ. Тэд өөрсдийн ажилладаг байгууллагынхаа нэр хүнд бүхий дизайнеруудад монгол үндэсний хувцсыг сонирхуулахаар дагуулж ирсэн байсан.

Монголчуудад өөрт нь байдаг болоод ч тэр үү үндэснийхээ хувцасны гайхамшгийг төдийлөн үнэлдэггүй. Гэтэл гадаадынхан энэ бүхнийг цоо шинээр хардаг.
-Таныг орчин үеийн загвартай монгол дээл урласан гэж байсан. Ийм хувцсыг загварын долоо хоногт хүмүүс хэр их сонирхов?
-Юутай ч загварын долоо хоногийг сонирхохоор ирсэн хүн бүр содон загвар, сонин детальтай орчин үеийн монгол дээл гээд гайхширч байна лээ. Зарим хүн монгол дээлний талаар ямар ч төсөөлөлгүй байснаа хэлсэн. Харин тэнд амьдардаг монголчууд өдөр тутамд өмсөх дээл байна уу гэж ихэд сураглаж ирсэн. Тиймээс бид энэ мэт дараа дараагийн арга хэмжээнд оролцохдоо өдөр тутамд өмсөх монгол дээлтэй очих хэрэгтэй гэж үзсэн.

-”DC fashion week” нэртэй энэ арга хэмжээ бизнесийн чиглэлээр зохиогддог болохоор дизайнерууд өөрсдийн бүтээлээ худалдах боломжтой гэж сонссон. Энэ үнэн үү?
-Бизнесийн чиглэлээр зохиогддог гэдэг ч үнэндээ дэлхийн олон орны дизайнеруудын нэг дор цугларч, бие биедээ бүтээлээ сонирхуулдаг арга хэмжээ гэдгээрээ онцлог. Нөгөөтэйгүүр, нэр хүндийн асуудал гэж үздэг юм билээ. Бид бусад орны дизайнеруудын адил бүтээлийнхээ танилцуулгыг авч очсон. Харамсалтай нь цаг хугацаа давчуу байсан болохоор энэ тал дээр анхаарах ч сөхөө байгаагүй. Монгол дээлийг “онлайнаар худалдах уу” гэж олон хүн асуусан. Бид тэр бүрт “Монгол костюмс” төвийн вэб сайтыг хэлж өгсөн.

-Тэгэхээр таны болон монгол дизайнеруудын урласан дээл хэдээр үнэлэгдэх вэ?
-Одоогоор үнэ ханш тогтоогоогүй. Хэрэв авахаар бол тухайн үед ярьж байгаад үнэлэх байх.
Ч.Анна
Зурагчин: dn
Огноо: 2008-09-30
www.dailynews.mn-c
designer Загвар, Монгол, Мэдээлэл-д бичсэн
, сэтгэгдэл үлдээх

“Europt fashion week” нэртэй загварын долоо хоног АНУ-ын Вашингтон хотноо зохиогдоно. Энэхүү өдөрлөгт оролцох Монголын дизайнерууд өчигдөр тус хотыг зорилоо.

Загварын долоо хоногт “Монгол костюмс” төвийн дизайнер Э.Баярцэцэг, Э.Баярзул нар өөрсдийн уран бүтээлээрээ оролцож буй нь манайхны хувьд анхных ажээ. Арилжааны чиглэлээр хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү загварын долоо хоногт дизайнер Э.Баярцэцэг “Янжинлхам”, “Хатдын үдэш”, Э.Баярзул “Зоос” коллекциудыг сонирхуулахаар болжээ. Түүнчлэн “Монгол костюмс” төвийн судлаач, зураач, дизайнеруудын хамтран бүтээсэн “Эзэнт гүрний бахархал” коллекцийг ч энэ үеэр олонд хүргэх юм байна. Монгол үндэсний дээлийг орчин үеийн хувцастай хослуулан урласан дизайнеруудын бүтээлийг тусгайлан үнэлээд буй аж. Энэ үнийг Вашингтоны загварын компаниуд тогтоодог байна. “Монгол костюмс” төвийн мэргэжилтэн Н.Солонгын хэлж буйгаар Монголын дизайнеруудын урласан хувцас тус бүр 600-2000 ам.доллараар үнэлэгджээ.

Сонирхуулахад, загварын долоо хоногийн үеэр нийтэд хүргэх “Эзэнт гүрний бахархал” коллекци нь Москва хотноо болсон “Этно Эрато” наадмаас Гран при, “Зоос” коллекци нь ретро стилийн хувцасны номинацид хоёрдугаар байрын шагналыг хүртэж байжээ. “Этно Эрато” нэртэй энэ наадам дээд зэрэглэлийн үндэсний хувцас шалгаруулах зорилготойгоор жил бүр болдог юм байна.
Ч.Анна
Зурагчин: Я.Аранжинбаатар
Огноо: 2008-09-16
www.dailynews.mn-c
designer Models, Монгол-д бичсэн
, сэтгэгдэл үлдээх

Монголын загварын ертөнцөд өөрийн орон зайгаа хэдийнэ эзэлж, ид оргил үедээ яваа загвар өмсөгч
О.Уянгатай ярилцлаа. “Загварын ертөнц” булангийн өнөөдрийн зочноор уригдсан тэрээр Солонгос улсад сураад ирсэн байна.
-Солонгост сураад иржээ. Ямар чиглэлээр хэдий хугацаанд сурав?
-Тухайн улсад “Андрей Ким”-ийн нэг сарын хугацаатай загвар өмсөгчдийн сургалтад хамрагдаад ирлээ. Монголоос надаас өөр гурван ч загвар өмсөгч явсан. Энэ жилээс эхлэн Монгол, Солонгосын загвар өмсөгчид хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд загвар өмсөгчдөө солилцон сургах сургалтад монголчуудыг хамруулаад байгаа. Биднийг Солонгосоос ирэх өдөр зөрж хоёрдугаар ээлжийнхэн тухайн улсыг зорьсон. Энэ мэт сургалт зургаан сар үргэлжлэх юм.
-Монголын загварынхан Солонгосынхтой хамтран ажиллаж, загвар өмсөгч солилцох болсон нь ямар учиртай юм бол. Тэнд байх хугацаанд юу сурсан тухайгаа сонирхуулаач?
-Солонгос улс загвар өмсөгч, моделиор дэлхийн загварын ертөнцөд томоохон байр суурийг эзэлдэг. Монголын загварынхны хувьд энэ удаагийн сургалт хамгийн анхных гэж хэлж болно. Өмнө нь манайхан гадаад руу загвар өмсөгчдөө сургаж байгаагүй. Энэ ч утгаараа бидэнд тухайн улсаас суралцах, мэдэж авах зүйл их байгаа. Ер нь Солонгосын загвар өмсөгчдийн тайзанд биеэ авч яваа байдал, алхаа зэргийг Монголынхтой харьцуулахад тэс өөр. Энэ нь загварын техниктэй нь холбоотой.
-Техник гэж тайзанд биеэ авч яваа байдлыг хэлээд байна уу?
-Тийм ээ.

-Хувцасны моод цаг үргэлж солигдож, халагддаг. Загвар өмсөгчдийн хувьд үүний адил хуучнаа нэгмөсөн арчиж хаях мэтийн шинэчлэлүүд хийгддэг үү?
-Монголын загвар өмсөгчдийн хувьд таазаа хаяж, дээр нь хөлөө зөрүүлж алхдаг нийтлэг зүйлүүд их анзаарагддаг. Энэ байдлыг дэлхийн загварын ертөнц хэдийнэ халчихсан юм билээ.
-Тэгвэл өнөөдөр дэлхийн загварын ертөнцийнхний хувьд хүлээн зөвшөөрөгдсөн ямар алхаа байдаг гэж. Манайхан тайзанд яаж алхах ёстой вэ?
-Загвар өмсөгчид таазаа хөдөлгөхгүй, хөлөө зөрүүлж тавихгүй алхахыг илүүд заасан байдаг. Нэг ёсондоо загвар өмсөж байхдаа илүү хөдөлгөөн хийхгүй байх нь чухал. Загвар өмсөгч хүн эршүүд алхаагаар алхах хэрэгтэй гэж дэлхийн загварын чиг хандлагад онцгойлон заасан байгаа. Энэ нь нэг л шугамаар алхахыг хэлдэг юм.

-Таныг “Шилмэл загвар” компанид багшилдаг гэж байсан. Загвар өмсөхөөр хүчээ сорьж байгаа охид, хөвгүүдэд юуг сургахыг илүүд үздэг вэ?
-Загвар өмсөгчийг гоё хувцас өмсөөд л тайзанд сайхан харагдах төдийхнөөр хүмүүс ойлгодог. Тэгээд ч загвар өмсөгч гэхээр зүгээр л гунхсан сайхан хүүхэн байх ёсгүй шүү дээ.
Загвар өмсөгч хүнд хамгийн гол нь өндөр боловсрол, гадаад хэлний мэдлэг чухал байдаг. Гадаад, дотоодын ямар ч уралдаан тэмцээнд оролцсон англи хэл төдийгүй хятад, солонгосоор ярьдаг байх нь чухал юм. Монголын загвар өмсөгчдийн хувьд хэлний мэдлэг дутмагаас болж өөрсдийгөө бүрэн гүйцэд илэрхийлж, нээж чаддаггүй дутагдлууд бий.
Миний хувьд одоогоор 30 гаруй шавьтай. Тэдэнд өөрийн гэсэн зорилготой байхаас гадна мэдлэг боловсролоо дээшлүүл гэж их хэлдэг дээ.
-Өөрөө ямар мэргэжилтэй вэ. Аль орны хэлээр чөлөөтэй ярьж чадах вэ?
-Би Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүлчийн ангийн дөрөвдүгээр дамжааны оюутан. Англи, хятад хэлийг өөрийгөө танилцуулах, бодол, саналаа илэрхийлэх хэмжээнд эзэмшсэн гэж боддог.
-Өөрөө их сургуулийн оюутан юм байна. Хичээлийнхээ хажуугаар ажлаа хэрхэн зохицуулдаг вэ?
-Өглөөнөөс өдөр хүртэл хичээлдээ явж, дараа нь фитнесээр хичээллэдэг. Үүний дараа загвар өмсөх дамжаанд багшлах зэргээр хийх ажлаа амжуулдаг.
-Сургуулиа төгсөөд загвар өмсөх үү эсвэл сэтгүүлч болох уу?
-Миний хувьд одоохондоо аль алиныг нь орхигдуулахгүй байхыг хүсдэг. Сургуулиа төгсөөд телевизийн сэтгүүлч болохыг хүсч байна.
-Өөрөө яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ?
-Манай гэр бүл, удмаараа эмч мэргэжилтэй. Харин би л ганцаараа сэтгүүлч болно гэсээр байгаад энэ мэргэжлийг сонгосон юм. Хэн нэгний хараа хяналт, удирдлага дор байх биш хэлэх үгээ чөлөөтэй ярьж, илэрхийлдэг тийм л эрх чөлөөт сэтгүүлзүйг бий болгох үүднээс сэтгүүлч мэргэжлийг сонгож сурч байна.
-Өөрөө загвар өмсөөд хэдэн жил болж байна вэ?
-Дөрвөн жил болж байгаа. Хүүхэд байхын өндөр нуруутай байсан. Дунд сургуулийн ахлах ангид сурч байхдаа өөрийнхөө өндрөөс ичиж эмээдэг байлаа. Тэгээд ч хэт өндөр хүн буруу алхаж хэвших нь цөөнгүй байдаг. Иймээс намайг зөв алхаж сургах зорилготойгоор эгч маань загвар өмсөгчийн “Эра” төв дээр дагуулж очсон. “Эра” төвөөс л миний загвар өмсөгч болох гараа маань эхэлсэн гэж болно. Одоо өмнөх шигээ биеийнхээ өндрөөс ичих хандлага минь хэдийнэ өөрчлөгдсөн. Тэгээд ч одоогийн загвар өмсдөг охид, хөвгүүд их нуруулаг болж байгаа. Ихэнх нь 182 см-ээс дээш өндөртэй болжээ.
-Таны биеийн өндөр, хэмжээ, жин хэд вэ?
-Би 180 см-ийн өндөртэй. Биеийн хэмжээ 87х60х90. 57 кг жинтэй.
-Манай дизайнеруудаас ихэвчлэн хэний хувцсыг өмсдөг вэ. Мөн өмсөхөд биед эвтэйхэн нь хэнийх вэ?
-Эмэгтэй дизайнерээс А.Баянзул, эрэгтэй загвар зохион бүтээгчдээс н.Овогмэдийн хувцас илүү таалагддаг. Загвар өмссөн цагаасаа эхэлж энэ хоёр дизайнерын хувцсыг өмссөн болоод ч тэр үү өмсөхөд эвтэйхэн санагддаг. Мөн зохимжийн хувьд ч адил. Ер нь тухайн хувцсыг өмсөхөөс өмнө судлах хэрэгтэй байдаг. Тодруулбал, загвараараа бусад хувцснаас юугаараа илүү. Ямар шийдэл, онцлогтойгоор бүтээгдсэнийг сайтар судалж байж өмсвөл хүмүүст илүү хүрнэ шүү дээ. Нөгөөтэйгүүр, харцаа ч хувцастайгаа тохируулах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл, хурц шийдэл бүхий хувцас өмсөөд инээмсэглэн алхах нь тохиромжгүй.
-Дөрвөн жил гэдэг бол загварынхны хувьд тийм ч богино хугацаа биш. Өнгөрсөн хугацаанд ямар амжилт гаргав?
-”Мисс Монголия” 2006 наадмын “Мисс модель” өргөмжлөлийг гардаж, “Top model of the world” болон “Miss global city competation” гэсэн хоёр ч тэмцээнд оролцох эрхийг олж авсан. Тайваньд зохиогдсон энэ тэмцээнд оролцоод “Гоё үндэсний хувцастай хот”, “Тайванийн мисс” гэсэн өргөмжлөлөөр тус бүр шагнуулж байлаа. Тэмцээний үеэр шалгаруулсан дэлхийн олон үндэсний хувцас дотор миний өмссөн монгол дээл хамгийн шилдэг нь байсан гэж тухайн үед шүүгчид хэлж байсан.
Мөн 2005 оноос Монголын загвар өмсөгчдөд I, II, III гэсэн зэрэглэлийг тогтоох шийдвэр гарсан байгаа. Тэр үед I зэрэглэлийн арван загвар өмсөгчийн тоонд багтаж байлаа.
-Загварынхныг аливаа юманд хөнгөн хийсвэр ханддаг. Тэдний дунд эцэс хязгааргүй өрсөлдөөн өрнөж байдаг мэтээр хүмүүс ойлгох нь бий. Хэрэв үнэхээр тийм бол энэ өрсөлдөөн дунд та өөрийнхөө орон зайг яаж авч үлддэг вэ?
-Загвар өмсөгчдийн дунд эрэмбэ, дараа гэж бий. Хэдийгээр насаар дүү ч гэсэн олон жил загвар өмссөнөөр нь бие биеэ хүндэлдэг. Тэрнээс загварт шинээр орж ирсэн нэгнээ элдвээр гоочлох, гадуурхах мэтийн зүйлс загвар өмсөгчдийн дунд байдаггүй. Хувьдаа өндөр, биеийн хэмжээ, мэдлэг боловсролоороо загварын ертөнцөд өөрийнхөө орон зайг эзэлдэг гэж боддог.

-Гэрийнхнээ танилцуулахгүй юу. Хэнтэйгээ амьдардаг вэ?
-Аав, ээжтэйгээ амьдардаг. Нэг ахтай. Ах маань БНХАУ-д эмч мэргэжлээр сурдаг. Харин аав олон жил цэргийн албанд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Ээж маань Эх, нялхсын эрдэм шинжилгээний төвд ажилладаг юм. Би одоогоор хувийн амьдралаа зохиож амжаагүй.
Надад мэдлэг боловсролтой, өөртөө итгэлтэй залуу л таалагддаг. Гэсэн ч хувийн амьдралаа зохиох гэж яарах болоогүй л байна.
Ч.Анна
designer Models, Монгол-д бичсэн
, сэтгэгдэл үлдээх

Өнгөрсөн хугацаанд драмын тайзнаа олон гол дүрийг бүтээж амжсан топ модель Д.Пүрэвсүрэн “Хувьсал” продакшнаас гараад багагүй хугацааг үдэж байна.
Залуу нас, гоо үзэсгэлэнгээ боловсрол, оюун мэдлэгээрээ чимэхийг эрмэлзсэн тэрээр энэ хугацааг зүгээр өнгөрөөхийг хүсээгүй бололтой. Сингапурт хэдэн сарын турш хэлний мэдлэгээ дээшлүүлж байгаад эх орондоо ирсэн түүнийг хоёр ч уран сайхны киноны урилга хүлээж байжээ.
Ирсэн даруйдаа “Боолын гэрээ” хэмээх уран сайхны кинонд тоглох саналыг хүлээж авсан тэрээр наймдугаар сарын эхнээс зураг авалтдаа орсон байна. Залуусын хайр сэтгэлийн адармаатай асуудлыг онц сонирхолтойгоор тусгасан гэх уг киног хошин урлагийн жүжигчин Д.Хүрэлхүү продюссерлэж байгаа аж.
Загварын тайзнаа өнгө нэмсээр ирсэн Д.Пүрэвсүрэн кино урлагт ч мөн цахиур хагалахаар зүтгэж эхэлсэн төдийгүй ангийн анд Н.Отгонцэцэгтэйгээ “Боолын гэрээ” хэмээх энэхүү уран сайхны киноны гол дүрийг бүтээхээр болжээ. Харин тэдний дурлалт залуусын дүрд Ардчилсан намын сонгуулийн рекламанд “Намайг Амараа гэдэг. Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ би, Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ би” хэмээн уншиж, олны анхаарлыг татсан жүжигчин Н.Амараа болоод түүнтэй дэндүү адилхан төрсөн Ж.Болд хэмээх жүжигчин тоглохоор тодроод байна.
Ирэх аравдугаар сард нээлтээ хийх “Боолын гэрээ” уран сайхны киноны найруулагчаар өнгөрсөн жилийн турш хотын залуусын дунд хит болсон “Сайн уу, амьдрал минь” киноны найруулагч Н.Болд ажиллаж байгаа юм.
Ардын жүжигчин Б.Дамчаа, төрийн шагналт Ц.Төмөрбаатар, соёлын тэргүүний ажилтан жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий, түүний гэргий З.Солонго, жүжигчин Х.Баатархүү гээд олны танил уран бүтээлчид “Боолын гэрээ” уран сайхны киног чимж байгаа гэсэн.
Ч.Ану
Зурагчин: dn
Огноо: 2008-09-17
www.dailynews.mn-c
designer Models, Монгол-д бичсэн
, сэтгэгдэл үлдээх

Загвар өмсөгч Б.Наранцацрал
-Та аль төвийн загвар өмсөгч вэ, хэдэн жил загвар өмсч байна?
-Би “Эра модельс” төвийн загвар өмсөгч. Одоогоос долоон жилийн өмнө “Шилмэл загвар” компанийн загвар өмсөгч бэлтгэх дамжаанд анх орж байсан. Тухайн үед найз охидтойгоо санаандгүй явж байгаад л орчихсон. Тэр үед 14 настай байсан гэхэд миний өндөр бараг нэг метр 70 см байсан болохоор тэнцсэн байх. Тэгээд том Цолмон багшийн шавь болсон.
-Таныг хэдэн жилийн өмнө “Next top model” загвар өмсөгчийн реалити шоунд оролцож байсныг санаж байна?
-Одоо бараг гурван жил болж байна. Тэр шоунд 300 гаруй охидоос дэд байрт шалгарсан. Тэр бол маш том амжилт гэж би өөрөө бахархдаг. Миний загварын ертөнцөд хөл тавьснаас хойш хүртсэн хамгийн том амжилт гэхэд болно шүү.

-Таныг гадаадын загварын агентлагуудтай гэрээгээр ажилладаг гэж сонслоо?
-Манай “Эра” төв өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол дахь үйл ажиллагаагаа түр зогсоож гадаад харилцаагаа өргөжүүлэхэд анхаарлаа хандуулсан. Энэ хугацаанд олон орноор явсан. Тухайлбал, Москва хотноо хөрш гурван орны загвар өмсөгчдийн дунд зохиогдсон үндсэний хувцасны наадамд оролцоод гранпри шагнал хүртлээ. Түүний дараа би Хөх хотын 60 жилд зориулсан наадамд оролцлоо. Хамгийн сүүлд гэвэл Италийн Милан хотноо дэлхийн аялал, жуулчлалын үзэсгэлэн яармаг болоход мөн оролцлоо. Тэнд “Гоёо” компани болон Соёлмаа эгчийн загваруудыг өмссөн.
Манай “Эра” төв Сингапурын “Diva model agency” компанитай албан ёсны гэрээ байгуулсан. Мөн Италийн Милан хот дахь загварын агентлагтай гэрээ байгуулсан. Ямар нэгэн загварын шоу зохиогдсон тохиолдолд хоёр тал хэлэлцэж байгаад загвар өмсөгчдөө солилцох боломжтой болсон.
-Хэрхэн солилцох вэ?
-Италиас ч юм уу, эсвэл Сингапураас и-мэйл явуулдаг. Харин манайх хариуд нь тухайн загвар өмсөгчийнхөө талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг явуулдаг юм. Тэгээд тухайн байгууллагын хүсэлтээр явдаг. Тэндээ очоод долоо эсвэл арав хоног тодорхой цалинтайгаар загвар өмсч байгаад ирдэг.
-Гадаадын загварын тайзнаа гарахад шаардагдах гол зүйл нь юу байдаг вэ?
-Хэлний боловсрол, санхүүгийн байдал. Хэл бол загвар өмсөгчийн бусдаас онцгойрч гадаадын загварын тайзнаа гарах хамгийн гол гүүр нь. Санхүү бол дараагийн асуудал л даа.
-Манай загвар өмсөгчид гадныхнаас юугаараа давуу байна вэ?
-Гадаадын загвар өмсөгчдөд багш гэж байдаггүй юм билээ. Манайхан бол огт өөр. Бүгдээрээ техник болон бусад зүйлээ заалгах багштай байдгаараа илүү давуу байдаг юм шиг санагдсан.
-Гадны загвар өмсөгчид манайхнаас өөр байдаг уу. Европын хүүхнүүд их өндөр харагддаг?
-Загвар өмсөгчид нь их овортой юм билээ. Дөнгөж 17, 18-тай охид мөртлөө 25, 26-тай юм шиг харагддаг. Техник болон үзүүлэлтийн хувьд маш сайн. Нуруугаараа үнэхээр ялгарч байсан. Үүнийг л хэлмээр байна. Манай загвар өмсөгчдийн хамгийн өндөр нь л гэхэд метр 90-тэй байдаг. Тэгэхэд тэд бусадтай зэрэгцээд зогсохоор намханд нь орж байна лээ. Би метр 75-тай бүр намхан харагдаж байсан. Хоёр найз охинтойгоо дэлгүүрээр явж байтал Италийн хоёр загвар өмсөгчтэй тааралдсан. Тэднийг бид бараг толгойгоо өлийлгөж харсан гээч. Та хэдэн настай вэ гэсэн чинь 17-той гэдэг байгаа. Манай ихэнх загвар өмсөгчид 20 гаруй настай байдаг шүү дээ. Гэтэл тэдний дунд 20-той хүн бараг байдаггүй юм билээ. Италийн загварын агентлаг загвар өмсөгчдөө авахдаа метр 80 байх хэрэгтэй гэсэн шалгуур тавьдаг гэсэн.
-Гадны загвар өмсөгчид манайхныг бодвол царай муутай юм шиг харагддаг. Манайхан анх авахдаа тодорхой хэмжээгээр царайг нь хардаг юм болов уу?
-Миний бодлоор царай хараад байдаггүй байх аа. Биеийн харьцаа нь л сайн байвал болдог байх. Ямар ч царай муутай хүнийг будаад хөөрхөн болгочихож болно шүү дээ.
-“Эра” модель төвөөс өөр гадны компаниудтай гэрээтэй ажилладаг байгууллага бий юу?
-Сайн мэдэхгүй байна. Саяхан гуравдугаар сард Германд болсон олон улсын наадамд “Шилмэл загвар” компанийнхан яваад ирсэн гэж байсан.
-Загвар өмсөгчөөс өөр мэргэжил эзэмшсэн үү?
-Би одоо “Сэрүүлэг” дээд сургуулийн зочид буудал, зоогийн газрын удирдлагын ангид сурдаг.
-Яагаад загвар өмсөгчөөс тэс өөр мэргэжил сонгов оо?
-Энэ талаар нэлээд судалсан. Манайд олон хуульч, санхүүч, эмч байна шүү дээ. Гол нь энэ мэргэжлээр ажиллахад ажлын байрны боломж байгаа гэж санагдсан. Нэгдүгээр курстээ “Сонжин гранд” зочид буудалд дадлага хийсэн. Тэгэхэд тэд намайг ажиллахыг урьсан.
-Зарим загвар өмсөгчид 30 нас хүрээд л өөрийн гэсэн бизнес эрхлээд тайзаа орхидог. Энэ тухайд та юу гэж боддог вэ?
-Эмэгтэй хүнд эзэмшсэн мэргэжил заавал байх ёстой гэдэг үүднээс би зочид буудал зоогийн газрын удирдлагын ангид сурч байгаа. Цаашид би загвараа ч өмсөнө, мэргэжлээрээ ч ажиллана. Би хэдэн нас хүртлээ гоё сайхан байна тэр хүртлээ загвар өмсөнө гэж боддог.
-Хоолны дэглэм барьдаг уу, биеийн жин хэд вэ?
-Хоолны дэглэм барьдаггүй ээ. Өдөртөө ойр, ойрхон 3-4 удаа хөнгөн хооллодог. Миний биеийн жин тогтмол 55-60-ын хооронд хэлбэлзэж байдаг.
-Гэр бүлийнхнийгээ танилцуулаач?
-Би гэртээ ээж, дүү хоёртойгоо амьдардаг. Ах, эгч хоёр маань гэр бүлтэй болоод тусдаа гарсан.
Т.Гэрэлмаа
Зурагчин: dn
Огноо: 2008-07-07
www.daailynews.mn-c