“Дээлтэй Монгол” наадам дөрөв дэх жилдээ зохион байгуулагдлаа 7 сар 15, 2010
designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , тракбак
Түүх соёлоороо бахархаж, урлаг өв уламжлалаа дэлхий дахинд сурталчлан, үндэсний хувцсаараа ижилдэн гоёдог “Дээлтэй Монгол” наадам дөрөв дэх жилдээ зохион байгуулагдлаа. Наадмын үеэр ардын урлагийн тоглолт, үндэсний хувцастай жагсаал, монгол гэрийн үзэсгэлэн худалдаа, загварын болон циркийн тоглолт зэрэг олон арга хэмжээ зохиогдож байв. Жилээс жилд хүрээгээ тэлж буй тус наадамд энэ жил 3000 гаруй хүн оролцсон нь үндэсний бахархлыг төрүүлж байв. Энэ өдөр нийслэл хотыг маань Сүхбаатарын талбай чимж, Сүхбаатарын талбайг дээлтэй Монголчууд гоёж байлаа.
Дээлтэй Монгол наадмыг зохион байгуулах комисс энэ үеэр үндэсний дээлтэй гадаадын шилдэг хос, нийтийн бүжгийн хос, хамгийн сайхан дээлтэй хос, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага, сайн зохион байгуулалттай идэвхтэй оролцсон нэг дүүрэг зэрэг номинациудаар тодруулж байв. Монгол дээл асар их өв уламжлал, дэг жаяг, далд бэлэгдлийг агуулж байдаг. Тухайлбал халх эхнэрийн дээл гэхэд гал голомтоо хон хэрээнээс хамгаалж буйгаар төсөөлөн хан гарьдын хэлбэртэй хийгдсэн байдаг. Найман настай балчраас наян настай буурал хүртэл ястан бүрийн хувцсыг иж бүрэн өмссөн нь гадаадын иргэд төдийгүй Монголчуудынхаа нүдийг хужирлаж, сонирхлыг татаж байв. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн зургаан дүүрэг зохион байгуулалттай орсноос гадна, Улсын Драмын Эрдмийн Театр, Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга зэрэг урлаг соёлын байгууллагууд нэгдсэн байв.
“Дээлтэй монгол” аялал жуулчлалын нээлттэй өдөрлөгийг “Улаанбаатар хотын аялал жуулчлал – 2015″ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлээр дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа нь энэ юм.
Наадмаар Монгол үндэстэн ястны хувцас, монгол гэр, гар урлал, сийлбэр, ардын урлагийн тоглолтыг гадаадын жуулчид, иргэддээ сурталчилж байсан юм. Даяарчлалын зуунд хадгалагдаж үлдсэн өвөрмөц түүх, Монголын эртний соёл, нүүдэлчин ахуйтай холбоотой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгосноор жуулчдын сонирхлыг татах боломжийг нэмэгдүүлж хүүхэд, залуучуудад нүүдэлчин үндэстнийхээ түүх, соёлоор бахархаж, хайрлах сэтгэлийг бий болгохыг зорьжээ.
Арга хэмжээнд оролцохын тулд хаа холын баруун аймгаас зорьж ирсэн, зөвхөн энэ арга хэмжээнд зориулж Монгол үндэсний иж бүрэн хувцас хийлгэсэн, хүмүүс багагүй байсан юм. Мөн энэ үеэр ардын урлагийн тоглолт, монгол үндэсний үзүүлбэр, монгол гэрийн үзэсгэлэн, цамын бүжиг, циркийн тоглолт, үндэстэн ястны бүжиг, зэрэг үйл ажиллагаа явагдаж байсан нь уламжлал болон зохиогдож буй энэ арга хэмжээний цар хүрээг улам нэмэгдүүлжээ. Хуран цугласан олныг хамгийн их хөгжөөж бас, хайрыг нь татаж байсан зүйл бол үндэсний хувцастай хамгийн шилдэг бяцхан оролцогчийг тодруулах үе байсан. Үндэсний бөхийн зодог шуудагтай, жанжин малгай, ноёны хувцас, хатны өмсгөлтэй тэд юу юунаас илүү бусдын харцыг өөр дээрээ татна. Өхөөрдмөөр хөөрхөн уйланхай хатан, нойрмог ноёдууд гээд 100 гаруй хүүхдээс зохион байгуулагчид шилдгийг тодруулах нь их л төвөгтэй байгаа бололтой. Ямартаа ч нэгэн бяцхан хүү хамгийн шилдгээр тодорсон бол, хамгийн бяцхан хатан маань уйлсаар гарч ирэн шагналаа авч байв. Үүнээс гадна Халх, Баяд, Дөрвөд, Урианхай, Казак, Торгууд гээд өөр өөрийн өвөрмөц өнгө аяс, хийц загвар, ёс заншлыг харуулсан дээлээ өмссөн олон хүн хамгийн сайхан дээлтэй хос тэмцээнд оролцсон юм. Үндэсний хувцсаа өмссөн эр улам сүрлэг, эмэгтэй нь илүү намбалаг төрхтэй байсан нь Монгол үндэсний хувцасны мөн чанар юм болов уу гэж бодогдож байв. Англи, Голлланд, Хятад, Япон, Өвөрмонгол гэр бүлүүд ч Дээлтэй Монгол наадамд нэгджээ. Уран хүний бурхан ухаан,нарийн хийцээр хийгдсэн үндэснийхээ хувцсаар гоёдог “Дээлтэй Монгол” өдөрлөг дараа жилд улам сайхан болох биз ээ.
Б.ЭНХЖАРГАЛ

7 сарын 30, 2010 он, 8:48
Энэ зураг дээрх эрэгтэй хантааз нь Манж хантааз байх юм даа..
8 сарын 9, 2010 он, 5:44
манж сөнөөд одоо монгол болчихсон шүү дээ.