үзэлтэд очих

Энэ жилийн ”Гоёл” Э.Сэлэнгийнх байв 12 сар 21, 2010

designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , 3сэтгэгдэл

Єнгєрсєн амралтын єдрvvдэд “Гоёл 2011″ наадам амжилттай зохиогдож єндєрлєлєє. “Гоёл” наадам ирэх жилийн хувцас загварын
єнгийг тодорхойлдог хэмээн ярьдаг. Энэ жилийн хувьд 23 дахь удаагаа зохиогдож байгаа юм. Наадам Соёлын тєв єргєєнд хоёр єдєр vргэлжилсний эцэст шилдгvvдээ тодрууллаа. Юуны тvрvvнд наадмын салхийг хагалж “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амараа, уртын дуучин бvсгvйтэй хамтран ая дуугаа єргєсєн. “Гоёл-2011″ наадмыг олны танил дєрвєн хєтлєгч хєтлєн явуулсан юм. МVОНРТ-ийн нэвтрvvлэгч Ч.Ичинхорлоо, хєтлєгч Э.Гантулга болон жvжигчин Ч.Ундрал, Г.Анхбаяр нар энэ удаагийн наадмыг хєтлєв. Тэмцээний хєтлєгч Ч.Ичинхорлоо урт ягаан даашинз ємссєн нь vзэгчдийн анхаарлыг татаж байсан юм. Энэ удаагийн гоёл наадамд Япон, Солонгосоос дизайнер ирж оролцож байгаагаараа онцлог ажээ. Наадмын эхэнд “Гоёл” наадамд гурав дахь удаагаа оролцож байгаа “Алтай Кашмер” ХХК-ийн дизайнер Г.Сонинжаргал “Cashmere&Silk” коллекцио толилуулав. Vvний дараа дизайнер Б.Туяа 100 хувийн ноолууран бvтээгдэхvvнээр хийсэн “Хамгийн зєєлєн” коллекцио танилцуулсан юм. Єнгє загварын зохицол шийдлийг vvнээс харж болохоор байлаа. Наадамд Япон улсыг тєлєєлєн оролцсон дизайнер Аюуми Сvфvгийн хавар зуны коллекциос “Asian” стилийг харж болохоор байсан.

“Бэсс тайлор”ХХК-ийн загвар зохион бvтээгч Б.Биндэръяа, Х.Цэрэнлхагва нар гоёлын хувцасны “Айрис”, саарал, номин ногоон гэх мэт зєєлєн єнгє давамгайлсан гоёлын хувцасны чимэглэлийг шинэлэг маягаар хийсэн коллекцио толилуулсан. Наадамд Ардын жvжигчин Н.Сувдын хvv Т.Бат-Оргил ирж “Мєнхийн ус”, “Цагаан єндєр” дуугаараа ая єргєсєн. Дуучин Т.Бат-Оргилын дуугаар фауз авсан наадам Монгол Солонгосын техникийн коллежийн дизайнер Шийлэгмаагийн “Цасхан” загвараар vргэлжлэв. Vvний дараа Сити, Монголжингоо, Дархан нэхий, Шилмэл загварынхан загвараа танилцуулав. Камертон хамтлагийн ахлагч Э.Болд vзэгч дундаас хєтлєгч Г.Анхбаярын хамт гарч ирж наадамд ирсэн vзэгчийг алиа хошин яриагаар хєгжєєгєєд амжсан.

Хамтлагийн ахлагч гишvvдээ зарлаж тайзан дээр Камертон хамтлаг бvрэн бvрэлдэхvvнээрээ “Sexy girls”, “Монгол хvн” дуугаа дуулсан. Мєн эх орондоо ирээд удаагvй байгаа “Sweetymotion” хамтлагийнхан цоглог ая, эрч хvчтэй хэмнэлээр vзэгчдийг сэргээсэн юм. Ийнхvv наадамын тєгсгєлд шагнал гардуулах ёслол болж шилдгийн шилдгийг шалгаруулах мєч ирсэн.

Оны шилдэг залуу дизайнераар “Бэсс тайлор”-ын Б.Биндэръяа, Х.Цэрэнлхагва нар тодорч,

амралт чєлєєт хувцасны шилдэг загвараар “Шилмэл загвар”-ын дизайнер Д.Овдогмид шалгарсан юм.

Єдєр тутмын шилдэг загвараар “Шилмэл загвар”-ын дизайнер И.Урангоо,

шилдэг vндэсний хувцсаар Монголжингоо сургуулийн дизайнер Ч.Ганчимэг тодорлоо.

Шилдэг гоёлын хувцасыг урласан загвар зохион бvтээгчээр “Шинэ зам” ТББ-ын Шийлэгмаа шалгарсан.

Харин шилдгийн шилдэг буюу гран-пригийн эзнээр “Алтай кашмер” ХХК-ийн дизайнер Б.Туяа шалгарсан юм.

Б.Туяа нь энэ салбартаа зургаа дахь жилдээ ажиллаж байгаа бєгєєд “Гоёл” наадамд дєрєв дэх удаагаа оролцож байгаа туршлагатай дизайнеруудын нэг.

Загвар ємсєгчдєєс тусгай байрын шагналыг Д.Уранзул, дэд байрт П.Болортуяа шалгарсан. Энэ жилийн шилдэг эрэгтэй загвар ємсєгчєєр н.Далай, шилдэг эмэгтэй загвар ємсєгчєєр Б.Гэрэлчулуун нар тодорлоо. Загвар ємсєгч Б.Гэрэлчулууныг МVОНРТ-ээр гарсан “Тусгай салаа” киноны Номингийн дvрээр хvмvvс андахгvй. Харин “Гоёл-2011″ наадмын топ моделиор “Miss World 2006″ бvх дэлхийн сайхан бvсгvй шалгаруулах тэмцээний авъяаслаг миссээр шалгарч байсан загвар ємсєгч Э.Сэлэнгэ шалгарсан юм. Загвар ємсєгч, топ модель, чамгvй жvжигчин тэрээр “Гоёл-2011″ наадмын 12 дахь топ моделиор шалгарч байгаа нь энэ юм. “Гоёл-2011″ наадамд топ моделиуд ч єргєнєєр оролцсон. Toп модель Д.Пvрэвсvрэн, Х.Ундраа, Г.Уранцэцэг, О.Уянга, Ч.Уранбилэг нар хvрэлцэн ирж тус наадамд оролцсон юм. Наадмын тєгсгєлд гран-пригийн эзэн, дизайнер Б.Туяа, отгон топ модель Э.Сэлэнгэ нар тайзнаас бэхэлсэн цагираган дээр суун бууж ирснээр энэ удаагийн “Гоёл” наадам єндєрлєв.

Б.Сэлэнгэ
http://olloo.mn/

“Гоёл” гоё болж өнгөрлөө 12 сар 21, 2010

designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , одоогоор 1 сэтгэгдэл байна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл-2011” наадам амжилттай болж өнгөрлөө. Хувцас загварын ертөнцийн шилдгийн шилдгүүдийг тодруулдаг наадмыг уламжлал ёсоор Монголын шилдэг 10 компанийн нэг “UFC” групп ивээн тэтгэсэн байна. Хоёр өдрийн турш үргэлжилсэн наадам Соёлын төв өргөөнд боллоо. Соёлын төв өргөө рүү дөнгөж ороход Чингис хааны сүрлэг дүр зураг угтан авсан нь хэн бүхний бахархалыг төрүүлж байлаа. Наадмын оролцогчдод болон ирсэн зочдыг “Силвер Чингис” хийсэн амтат коктейлээр дайлж байсан нь аргагүй л хүмүүсийн сэтгэлд нийцсэн үйл ажиллагаануудын нэг байсан юм. 

Энэ жилийн “Гоёл” наадамд Монголын шилдэг загвар зохион бүтээгчид, шилдэг 50 загвар өмсөгч болон Солонгос, Япон, Тайландын загварын ертөнцийн төлөөлөл урилгаар оролцсоноороо онцлог байсан. Тайзнаа Монголын шилдгийн шилдэг загвар өмсөгчид болох топ модель Д.Пүрэвсүрэн, Г.Уранцэцэг, Х.Ундраа, Ч.Уранбилэг нар ээлж дараалан гарч ирэн тайзыг жинхэнэ утгаар нь чимж байв. 

Ирэх жилийн хувцас загварын чиг хандлагыг тодорхойлдог “Гоёл” наадмын шилдгийн шилдгийг тодруулах торгон мөчийг загвар зохион бүтээгч, загвар өмсөгчид төдийгүй үзэгч олон ч сэтгэл догдлон хүлээсэн. “Гоёл” наадмын хүндэт өргөмжлөлийн эздээр Японы загвар зохион бүтээгч Аюүми Сүфү, Солонгосын загвар зохион бүтээгч Жон Хи Сүг, Тайландын супер модель Прайм Картин нар шалгарсан юм. Харин ерөнхий ивээн тэтгэгч “UFC” группын Ерөнхий захирал О.Амартүвшин Өдөр тутмын хувцасны шилдэг дизайнераар шалгарсан “Шилмэл загвар” ХХК-ийн загвар зохион бүтээгч н.Урангоод шагналыг нь гардуулсан. Өнөө жилийн “Гоёл” наадмын шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр загвар өмсөгч н.Мөнхдалай, шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр загвар өмсөгч Б.Гэрэлчулуун, топ моделиор загвар өмсөгч Э.Сэлэнгэ нар тус тус шалгарлаа. 

Аливаа наадам ивээн тэтгэгчдийн нөр их хөдөлмөрийн хүчээр амжилттай зохион байгуулагддагийн жишгээр “Гоёл-2011” наадам ч ерөнхий ивээн тэтгэгч “UFC” группын дэмжлэгтэйгээр амжилттай болж өндөрлөсөн юм. 


Мөнгөлөг Гоёлын өнгөлөг үдэш
“Гоёл-2011” наадам Нүхтэд байрлах “Корпорэйт” зочид буудалд хүндэтгэлийн хүлээн авалтаар үргэлжлэв. Соёлын төв өргөөнөөс нэгдсэн журмаар хөдөлж “Корпорэйт”-д ирсэн зочдыг амтат коктэйлоор угтан үдэшлэгт оруулж байлаа. Харин дотогш ороход зочид бүгд уулга алдан нэгэн зүйл дээр цугласан байсан нь нэг метр гаруй өндөртэй, мөнгөөр бүрж хийсэн мэт хачин тансаг харагдах “Силвер Чингис”-ийн хөшөө байв. Зочид ч жинхэнэ мөнгө мөн үү хэмээн бие, биенээсээ лавлан, амтат коктэйлоо шимэн үдэшлэг рүү орсон юм. Хаа газар очсон загвар өмсөгчид орчноо чимж зургаа татуулдаг бол энэ үдэш загвар өмсөгчдийг “Силвер Чингис”-ийн мөнгөлөг хөшөө чимэж байлаа. Мөн тайзны эргэн тойронд байх баганууд дээр “Силвер Чингис”-ийн дүрийг металлаар товойлгон урласан байв. “UFC” группынхэн Монголд анх удаа металаар товойлгон урласан, нарийн хийц бүхий шошготойгоор “Силвер Чингис”-ийг үйлдвэрлэж эхлээд байгаа нь олны анхаарлыг татаж, талархлыг хүлээгээд байгаа.  Мөнгөлөг үдэшлэгт оролцсон залуусын дунд хөтлөгч нэгэн тэмцээн зохиов. Тэрбээр Чингэс хааны есөн өрлөгийг нэрлэсэн ширээнд үндэсний манлай үйлдвэрлэгч “UFC” группын гарын бэлэг өгөхөө амлав. Тиймээс зочид тэмцээнд нэлээд идэвхитэй оролцсон. Тэд энд, тэндээс нэр эвлүүлэн хэлсээр гурван номерын ширээнийхэн есөн өрлөгийг нэрлэж гүйцээв. Ингээд тус ширээний залуус тэмцээний ялагчаар тодорч “UFC” группын нэрийн бүтээгдэхүүнээр шагнуулах эрхийн бичгийг гардан авсан. Ийнхүү “Гоёл-2011” наадам болон хүндэтгэлийн хүлээн авалт хүн бүрийн сэтгэлд хоногшин, хэзээ ч мартагдашгүй, тансаг сайхан болж өнгөрлөө.   

Топуудаар дутсан “Гоёл-2011” үзэмж дутмаг байлаа 12 сар 21, 2010

designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , 3сэтгэгдэл
Гоёлыг бус гоо бусгүйчүүдийг хүлээсэн үзэгчид бухимдлаа
Цагийн юм цагтаа гэдэг сайхан зүйр үгийг манайхан хэлэх дуртай ч үнэндээ ямарваа нэгэн арга хэмжээнд цагаа барьдаггүй өнөө л дутагдлаа хэзээ ч хаяхгүй нь  “Гоёл-2011” наадмаас шуудхан харагдаж байлаа. Уг нь 19 цагт эхэлнэ гэсэн тус наадам үзэгчдээр дахин дахин шаардуулж байж арайхийн 19 цаг 45 минутад эхэлсэн юм. Алтай кашмерийн “Монгол интаарш” гэсэн соньхон нэртэй  өдөр тутмын хувцасны коллекциор эхэлсэн Гоёл наадмаас үзэгчдийн хамгийн ихээр  хүсэн хүлээдэг зүйл нь мэдээж ирэх жилийн өнгө, загварын  тодорхойлолт байдаг. Гэхдээ үзэгчдийн дийлэнх нь эрчүүд байсан болохоор энэ удаа Гоёл наадмаас загварын өнгө төрхийг бус залуу загвар өмсөгчдийг илүүтэйгээр харахаар ирээ юу гэсэн дүгнэлтийг өгчихмөөр харагдсан. “Тэрний өгзөг нь дажгүй ч хөхгүй юм, харин энэний царай нь хөөрхөн юм” гэсэн эрчүүдийн аминчхан шивнээ үүнийг батлах мэт. Ялангуяа дотуур хувцасны  загвар үзүүлэхээр тэднийг тайзнаа гарч ирэх үед алга ташин дуу алдах эрчүүдээс илүүтэйгээр гар утсаа барин өндөлзөн зураг дарах бүсгүйчүүдээс харахад манайхан загварын талаар чамгүй мэдлэгтэй бас анхаарал хандуулдаг болсныг илэрхийлж байсан.
Бие чөтгөр, хувцас бурхан
Гэвч  дархан ухаан бурхан урлан гэдэг шиг Монголын загвар зохион бүтээгчид дэлхийн өндөр хөгжилтэй орны загвар зохион бүтээгчдээс дутахааргүй болсныг Алтай кашмерийн торго хэмээн андуурам ноолууран загварууд, Монгол донжын эсгийг торон чүльнээс ялгамгүй өнгө алаглуулан цэцэг навч болгосон өвөрмөц загварууд тайзнаа баталж байсныг энд бахархан дурсахаар байсныг хэлэх зүйтэй болов уу.  Гэхдээ Монголын нүүр царай болсон ТОП хэмээн өргөмжлөгддөг Говь, Гоёо, Буянгийнхан энэ жилийн Гоёлын тайзнаа нэр нь ч дурсагдсангүй. Магад дэлхийд гайхагдсан том гуншин нь Монголын энэ жаахан тайзанд томдоо юм болов уу. Харин залуу загвар зохион бүтээгч Хонгорзул, Одвогмэд нарын шинэлэг бас өвөрмөц, монгол ухаан ур шингэсэн загварууд үзэгчдийн алга ташилтаар муугүй үнэлгээ авч байсан. Мэдээж энд олон жилийн түүхтэй Дархан нэхий компанийн талаар өгүүлэхгүй байж болохгүй. Арьс ширийг торго  шиг зөөллөн, өнгө, хээ угалзаар чимэн урласан тэдний бүтээлүүд Гоёлын тайзнаа  салхи татуулан намирч, үзэгчдийг дуу алдуулж байсан. Харин Н.Соёлмаагийн “Монголын хүчирхэг эмэгтэйчууд” загвар үндэсний хувцсыг орчин үеийн хувцасны чиг хандлагатай хослуулснаараа олны анхаарлыг татаж байсан. Бие чөтгөр, хувцас бурхан гэдэг үгийг жинхэнэ утгаараа ийн тайлсан нь Гоёл наадмын онцлог байлаа. Эндээс харахад мода Монголоор дуусдаг бус Монголоос эхлэх цаг болжээ гэмээр.
Топууд үгүйлэгдэв
Та бидний  мэдэхээр Гоёл наадмаас 11 топ модель төрсөн байдаг. Гэвч энэ жилийн наадмаар харамсалтай нь манай загварын акул-топууд тийм ч олноор харагдсангүй. Харин үзэгчдийн суудалд “Мөнхийн залуу” топ Э.Одгэрэл, топ модель Т.Баярзул, Содтуяа, Мянганбаярын экс амраг Ариунцэцэг, Ану нарын хэд хэдэн олны танил загвар өмсөгчид харцандаа гунигтай, суудлаасаа өндөлзөн байж үзсэн. Харин тайз эзэгнэн гунхалзан алхах Пүрэвсүрэн, Ундраа, Уранцэцэг тэргүүтэй таван топ моделиудаас шинэ залуу загвар өмсөгчид нэлээн бэргэнгүй байгаа нь зөрж өнгөрөхөөс нь харахад илхэн. Харин  үзэгчдийн дунд ерөнхий сайдын гэргий Отгонтуяа, ая зохиогч Ангирмаатай их л дотноор шивнэлдэн сууснаа наадмыг дуусгалгүй хоёр ч хамгаалагчаар хамгаалуулан гарч одох харагдсан.
Сэтгүүлчдийн эрхийг хаасан том хамгаалагчид
Аливаа тэмцээн уралдаан, наадам тоглолтын үед давуу эрхтэй нь сэтгүүлчид байдаг. Гэтэл энэ удаа  харамсалтай нь бидэнд тийм боломж олдсонгүй. Үзэгчдийн дунд суух суудал байтугай зогсох газаргүй нааш цааш хөөгдөн байж арайхийн наадмыг дуусгасан сурвалжлагчид тайзны ар луу орж ярилцлага авах гэтэл үүдэн дээр шкаб шиг том том хамгаалагчид эгнэн зогсоод оруулсангүй. Харин ч зурагчдын аппаратыг булаан авч, чирж гулдран, “муусайн хулгайчид гараач” гэлцэн  тэрхэн хавьдаа бяцхан шоу болгоод авсан. Сүүлдээ аргаа барсан сэтгүүлчид зохион байгуулагчид руу утас цохин байж арайхийн ороход ихэнх загвар өмсөгчид тарж одсон байлаа. Сүржин нэртэй ч зохион байгуулалт муутай болсон эл наадмын тухай тийм ч сайхан сэтгэдэлтэй гараагүй сэтгүүлчид бичсэн нийтлэлдээ үүнийгээ тусгахаа мартаагүй нь лавтай.
“Азийн хатан хаан” Оюунгэрэл нулимстай буцлаа
Жил жилийн Гоёл наадам араасаа элдэв хэл ам дагуулдаг ч энэ жилийн хувьд тийм ч олон таагүй яриа гарахгүй бололтой. Учир нь  энэ жилийн топ моделиор тодорсон Э.Сэлэнгэд үзэгчид тийм ч муу хандсангүй. Найм дахь жилдээ загвар өмсөж байгаа тэрээр “Шилмэл загвар”-ын гэрээт загвар өмсөгч.  Харин сүүлийн хоёр жил “Гоёл наадам”-аас  хоосон хоцорсон Азийн хатан хаан гэгддэг Оюунгэрэлийг энэ жил ямартаа ч Топ модель болно гэсэн хүлээлт бараг хүн бүхэнд байсан болов уу. Гэтэл шүүгчдийн эцсийн дүн гарахад Топ моделиор Оюунгэрэл бус Сэлэнгэ тодорсон. Солонгост сурч байгаа Оюунгэрэл энэ жил загвар зохион бүтээгч Жон Хи Сугын хамт  урилгаар оролцсон ч битүүхэндээ энэ цолыг хүртчих санаатай ирсэн нь дамжиггүй. Өөрийнх нь хүссэнээр болоогүйд бяцхан шаралхаад авсан тэрээр “Гоёл-2011 гэсэн мөртлөө чухам хэдэн оны загвараар яваад байгаа ойлгосонгүй” хэмээн дургүйцлээ сэтгүүлчдэд шуудхан илэрхийлээд авна лээ. Нүдэндээ нулимстай үлдсэн Азийн хатан хаан маань ирэх жилийн Гоёлд оролцохгүй гэдгээ ч сэм шивнээд авсан гэсэн. Магад өөрийг нь илүүтэйгээр үнэлдэг Солонгос улсад загвар өмсөн нэр төртэй явах нь түүнд сайхан санагдсан байж ч болох.  
Н.Чимээ
http://news.guren.mn/

Даржин гоёл 12 сар 19, 2010

designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээх
“Гоёл” үзсэн гэнгүүт хүмүүс шууд л “Хэн топ болсон?” гэж асууцгааж байна. Ерөөсөө бид бараг бүгдээрээ “Гоёл” наадмыг сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн, уралдаанаас өөрцгүйгээр боддог бололтой юм. Уг нь бол “Гоёл” наадам манай хувцас загварын хувьсал хөгжлийг харуулах хамгийн том цугларалт, хамгийн гоё үдэш шүү дээ. Зөвхөн хувцас өмссөн загвар өмсөгчдөд биш хувцас бүтээсэн хүмүүст нь илүү анхаарлаа хандуулах ёстой үдэш гэж боддогоо энд хэлмээр санагдаж байна.

Жилийн жилд л бид хэдэн загвар өмсөгчдөө хооронд нь морь мэт уралдуулж, хэн нэгнийг нь топ хэмээн цоллодог уламжлалтай болоод багагүй хугацааг өнгөрөөсөн. Одоо “Гоёл” наадам арван хоёр сайхан бүсгүйд топ гэсэн ижил нэрийг өгөөд байна. Моделиудыг “Гоёл”-ын тайзан дээр хоёр өдөр алхуулж үзээд хэдхэн шүүгчид саналаараа нэгийг нь түрүүлүүлнэ. Тэгээд түрүүлсэн нэгнийг нь хүмүүс янз бүрээр хэлж, есөн бусаар доромжилж, Мянганбаярын ээлжит эхнэр гэж гоочилцгоодог ёс тогтсон гэхэд бараг болно.

“Гоёл”-ын тайзан дээр дандаа халуухан, залуухан, сайхан охид алхаж байна… Гэхдээ жинхэнэ fashion модельд байх ёстой хувь хүний шинж чанар, өвөрмөц төрх араншинтай нь хэд бол? Үзэгчдийн өмнө ирж ташаа тулан зогсохдоо малийтлаа инээснээрээ эсвэл эрүүгээ өргөн ихэмсэг дүр эсгэн ярвайж алхаснаараа дүр төрхтэй харагдахгүй. Супермодель Tyra Banks-ын хөтөлдөг “Америкийн дараачийн супермодель” шоуны үеэр олон сэтгэл булаам, хөөрхөн охид personality буюу дүр төрх, онцлог араншингүй гэсэн шалтгаанаар тэмцээнээс хасагддаг. Энд л жинхэнэ модель, жирийн хөөрхөн охин хоёрын ялгаа байдаг. “Гоёл” наадмын шүүгчдийн дунд fashion гэрэл зурагчин, туршлагатай мэргэжлийн загвар өмсөгч, стилист гэх мэтийн тэр суудал дээр зайлшгүй суух ёстой хүмүүс байхгүй байдаг нь хачирхалтай санагддаг. Энэ удаад ч дизайнер Н.Соёлмаа, Шилмэл загвар агентлагийн захирал Оюунцэцэг, тэгээд Орос, Тайланд, Солонгос, Японоос “Гоёл”-ын тайзнаа загваруудаа дэлгэн үзүүлэхээр урилгаар ирсэн дизайнерууд энэ наадмыг шүүн явуулж, шилдгүүдийг шалгаруулсан юм.

Энэ жилийн “Гоёл” “Хар сарнай”-гийн Амраа, уртын дууч бүсгүй хоёрын хоршил дуугаар эхэлсэн. “Монгол хүн болж төрсөндөө бахархаж байна” энэ тэр гэсэн үгтэй их л үндсэрхэг дуу байна лээ. Уул нь энэ гоё үдшийн эхлэлийг арай уян зөөлөн, тансаг илүү сонгодог, эсвэл бүр этгээд зүйлээр төсөөлж суусан юм. Хамгийн эхлээд “Гоёл”-ын топууд болох Пүрэвсүрэн, Уранцэцэг, Ундраа, Уянга, Уранбилиг тав “Алтай кашемир”-ийн коллекцийг өмсөн гарч ирэв. Тахин судал бүхий элементийг ноолууран дээр оруулсан нь сонирхолтой шийдэл болжээ. Коллекц ч өнгө, загварын хувьд бүхэлдээ нэгдмэл харагдаж байсан нь сайшаалтай болсон.

Дараа нь мөн “Алтай Кашемир”-ийн дизайнер Сонинжаргал “Cashmere&Silk” коллекцио толилууллаа. Ноолуур, силк хоёрын зохицол дэгжин харагдаж байв. Дээд зэрэглэлийн зөөлөн, хөнгөн энэ хоёр тансаг материалийг хольсон загварууд энгийн хэрнээ донжтой байсан.

Хөтлөгч бүсгүй дизайнер Соёлмаагийн үндэсний хувцасны “Монголын хүчирхэг бүсгүйчүүд” коллекц гэж зарлалаа. Чухам ямар Соёлмааг мэдэхгүй байна. Ямартай ч үзэгчид өнөө Соёлмааг гэж таамаглацгаах шиг болсон. Lady Gaga-гийн “Bad Romance” дуу пижигнээд л… Тэр аян дээр нь моделиуд “Монголын хүчирхэг бүсгүйчүүд” коллекцийг үзүүлж өгсөн дөө. Инээд хүрмээр хэцүүхэн нэр байгаа биз? Загварууд бол үнэхээр “хүчирхэг”. Таван топ модель тавуулаа энэ коллекци дээр алхсан.

“S tailor” салоны дизайнер Биндэръяагийн гоёлын даашинзны коллекц сэтгэл татам байсан. Энэ удаагийн наадамд Японы Аюуми гэх нэгэн дизайнер 2010/2011 оны хавар, зуны коллекцтойгоо ирж оролцлоо. Цагаан суурь өнгөн дээр бүдэг цэнхэр ногоон, шар өнгүүд нэгдэн ууссан нимгэн, хөнгөн материалтай загварууд нь япон дизайнерийн өнгө төрхийг харуулж байв. Уг сонирхол татам материал дизайнерийн өөрийнх нь технологи байсан ч байж мэднэ. Алдарт Versace загварын ордны ерөнхий дизайнер Донателла Версаче нэгэн ярилцлагадаа “Дэлхийн загварын ертөнц зогсонги байдалд орчихлоо. Бид бүгд л өнгөрсөн үе рүү өнгийцгөөн тэндээс хуулбарлаж байна. Энэ хэцүү үед материал болон технологи дээр түлхүү ажиллах нь дизайнеруудын хувьд хамгийн чухал хийх ажил болоод байна даа” гэж ярьсан байсан. Үнэхээр дэлхийн хувцас загвар түүхэн үеүд рүү эргэн харж байгаа энэ үед дизайнерууд өөр, өөрсдийн шинэлэг технологийг гаргах нь чухал болоод байгаа юм. Түүний коллекцийг дандаа хорь ч хүрээгүй залуу охидууд өмсөж сонирхуулсан нь  дизайнерийн сонголт байсан биз. Ихэнх моделиуд нь нүүрээ бараг будаагүй шахам байсан ба тэдэн дунд цөөн тооны япон загвар өмсөгчид алхацгаасан. Аюуми моделиудын алхаанд ч бас өөрийн өнгө төрхийг оруулж өгсөн нь илт харагдаж байлаа. Гэхдээ дажгүй байсан шүү. Гэнэн хонгор, цэл залуухан, өөртөө итгэлгүй гэмээр ичингүйрэн зөөлөн намуухан алхаж байсан залуухан охидоор зуны коллекцио тодотгосон нь таалагдсан. Мэдээж, будаггүй моделиуд дизайнерийн өөрийн сонголт байсан биз.
Түүний араас дизайнер Ганчимэгийн хуримын даашинзны коллекц. Ерөнхийдөө бол том, том алхан хээтэй европ загварын даашинзнууд байсан. Заримыг нь монгол хатдын нөгөө бортгон малгайтай хослуулж. Бас заримд нь сувдан хацрын унжлага гэх мэт аксессуар дагалдсан байна. Их хөдөлмөр юм аа. Даанч сайхан юм юу ч байгаагүй. Энгэр, цээж хэсгээрээ том гэгчийн алхан хээнүүдтэй хуримын даашинзны хормойгоор дүүрэн хар сарнай хатгачихсан байх юм. Алхан хээ, хар сарнай хоёр хамтдаа сайхан харагддаггүй л юм байна лээ. 

Дизайнер Ургамалцэцэгийн “Сарны цацраг” нэртэй коллекцууд хөгжилтэй, хөнгөн, аятайхан байсан. Тэртээ тэргүй унжсан санжсан цацаг загварын чиг хандлага дунд байр сууриа алдаагүй яваад байгаа болохоор Ургамалцэцэгийн цацагтай богино даашинзууд хөөрхөн л харагдсан. Тоорын ягаан, гал улаан, бүдэг үзмэн ягаан гэх мэт ялдамхан өнгөнүүдийг сонгожээ. Өнгөрсөн жилээс хойш washed denim буюу чанамал жийнс эсвэл угаасан жийнс ч гэж хэлчихэж болох бас нэгэн загварын хандлага хүчтэй байсан. Ургамалцэцэгийн “Сарны цацраг” коллекцод энэ төрлийн материалтай богино даашинзууд бас ганц, хоёр харагдсан. “Milla Moda” салоны дизайнер Нямсүрэнгийн коллекцод голчлон уйтгартай угалз, хээнүүдийг шигтгэн наасан сатин даашинзууд л байсан. Залгуулаад сүр хүчийг үзүүлсэн манай үндэсний хувцсууд гараад ирлээ. Ирвэс мэт том, том толбон хээтэй, юүдэнтэй дээл ч байна. Монгол хантаазны дээгүүр орчин үеийн улаан жилетка давхарлаад өмсчихсөн загвар ч явж байсан. Зарим нь бүр нүд тогтож, төвлөрч харахын эцэсгүй өч, төчнөөн деталь нэг дор. Үндэснийхээ хувцсыг яасан ч их “хөгжүүлж” байна даа. Үнэндээ бол зовоож л байна гэж хэлмээр юм уу даа. Уг нь бид чинь гайхалтай сайхан үндэсний хувцастай сан.
         
Ингэхэд нээрээ “Гоёл” дээр дөрвөн хөтлөгч байсны учрыг ойлгохгүй юм байна. “Гоёл” наадам эхэлснийг мэдэгдэж эрэгтэй, эмэгтэйгээрээ хоёр талд хослож зогссон дөрвөн хөтлөгч маань ганц, ганц өгүүлбэр бараг бүтэн хэлсэн үү. Өөр ч нэг их онцын роль байгаагүй. Харин хоёр хөтлөгч нь гэнэтхэн л загварын үзүүлбэр дундуур гарч ирээд бүр бантан хутгачихаад ороод явчихсан. Зорилго нь бол Ардын жүжигчин Н.Сувдын хүү дуучин Бат-Оргилыг тайзан дээр урьж гаргах байсан юм билээ. Тэгснээ эрэгтэй хөтлөгч нь нэрт дизайнер Роберто Кавалли та бүхний өмнө гарч ирэх гэж байна энэ тэр гэж үзэгчдийг хуураад тэгснээ “Худлаа, худлаа” гээд жинхэнэ зочноо урьж байх юм. Хувцас загварын үзүүлэн, шоу гэдэг бол угаасаа л тансаг, цэгцтэй байх ёстой. Хэн, хэзээ, хаана яг ямар үг хэлэх нь ч тодорхой байх ёстой байлгүй. Хошин шогийн тоглолт эсвэл телевизийн шоу нэвтрүүлэг биш учраас хөтлөгчийн ядсан марзаганал, худал, үнэн тоглоом, илүү дутуу яриа илүүц биз. Гоёл наадам өөрөө л гоё баяр, гоё үдэш шүү дээ. 
Дуучин Бат-Оргил “Мөнхийн ус” дуугаа банзан гитар, ковбой малгайтайгаа дуулсны дараа Монгол-Солонгосын техникийн коллежийн дизайнеруудын коллекциуд эхлэв. Эхлээд дизайнер Ариунзаяагийн эсгийг үслэг эдлэлтэй холин хийсэн “Язгууртан” коллекц. Урьд урьдны жилийн хэцүүхэн эсгийнүүдтэй харьцуулахад дажгүй байсан ч коллекцийн нэгдмэл санаа үнэндээ материалаас өөр байгаагүй гэхэд болно. Харин түүний гоёлын даашинзны “Дэгжин” коллекц үзэгчдэд нэлээд таалагдсан байх. Түүний араас залгуулаад мөн тус сургуулийн нэгэн дизайнерийн “Хар цагаан” нэртэй коллекцийг танилцуулсан. Шинэлэг, зугаатай, золбоолог. Угаасаа энэ намар, өвлийн гол чиг хандлагын нэг болох буган хээ, дүрс түүний коллекцод давамгай байлаа. D&G-ийн буган хээ бүхий энэ намар, өвлийн коллекцийн санааг энд тэндхийн олон брэнд, хувцасны үлйдвэрлэгч, залуу дизайнерууд өөрсдийн санаагаар баяжуулан гаргасаар байгаа.“Гоёл”-ын тайзан дээр Тайландын мисс, супермодель хоёр үндэсний хувцастайгаа гарч ирэн өөрсдийн уламжлалаар манай үзэгчидтэй мэндэлсэн нь бас нэг сонирхол зүйл байсан. Тэд зарим коллекциуд дээр тайзнаа алхацгаасан юм.

Жирийн үзэгчийн хувьд хамгийн их таалагдсан коллекцийн нэг нь дизайнер Овдогмэдийн өдөр тутмын загварууд байлаа. Өмнөх жилүүдийн эсгий хувцсуудыг харсаар байгаад эсгий хувцаснаас бараг айдаг шахам болчихсон байсан чинь… Эсгий гэж үү дээ гэмээр сайн боловсруулалт. Бас гайхалтай гоё өнгөний хольцууд. Эрэгтэй хүрэм, пиджакууд нь бүр янзтай байсан. Эмэгтэй загварууд нь ч бас сэтгэл татам. Ер нь л дэлгүүрт зарж байвал авч өмсмөөр санагдахаар стильтэй, донжийг нь олсон гоё байсан шүү. Удирдаачийн хүрэм шиг ардуураа урт хормойтой, бэлхүүс тодотгосон загвартай содон хэрнээ зөөлөн өнгөтэй уг хүрмүүд морь сургагчийн стилээр хувцаслаж, гартаа урт урт морины ташуур барьсан эмэгтэй моделиудыг хүчирхэг, өвөрмөц харагдуулж байсан.
 
“Монголжингоо” товчоо, Сити дээд сургуулийн дизайнер Ганчимэг “Гоёл” наадамд “Морьтон Монгол” үндэсний хувцасны коллекцоороо оролцлоо. Нэрнээсээ авахуулаад л уйтгартай. Ер нь дизайнерууд яагаад ч коллекцдоо нэр өгөх гээд байдгийг ойлгохгүй юм. Магадгүй заавал нэртэй байх ёстой гэж шаарддаг юм болов уу. Гэхдээ одоо нэр өгсөн ч арай өөр нэрнүүд бодож олох хэрэгтэй болжээ. Нүүр толгойг нь тойруулаад баглачихсан хөвчийн хүрэн баавгай шиг сонин, сонин загварууд тайзан дээгүүр урсч өгсөн. Цыган хүүхний даашинзны хормой шиг хормойтой ч монгол дээл байналээ. Тэр даашинз бол яагаад ч сайхан харагдаагүй ээ.

“Дархан нэхий” компаний дизайнер Сонинбаярын өдөр тутмын коллекц харин хүмүүсийн нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээсэн. Боронзон ягаан савхин гадартай нэхий хүрэм, мөнгөлөг нэхийнүүд үнэхээр сонирхолтой, шинэлэг байлаа. “Дархан нэхий” ийм загваруудаа худалдаанд гаргавал дэгжин бүсгүйчүүд шилж сонгоод дуртайяа явч хэрэглэнэ дээ. Мөн тус компаниас оролцсон дизайнер Нарантуяагийн коллекц ч анхаарал татаж байлаа. Сонинбаярынхыг бодвол илүү амьтны үсээр чимэглэсэн загварууд байсан. Лакадсан арьс, гялгар нэхийнүүд бас л онцгой харагдаж байналээ. Хүмүүс ч “Дархан нэхий”-гийн технологи мундаг болчихжээ гэцгээж байсан.

Шоуны турш бааранд байна уу даа гэмээр хэт чанга, диско хэмнэлтэй дуунууд чих хатгаад хөтлөгчийн дизайнер болон коллекциудыг зарлаж байгааг нь ч сонсоход бэрх байсан. Загварын үзүүлэн дээр нийтлэг, хэт олонд танигдсан, коммершл дуу, ер нь үгтэй дуу нэг их тавьдаг стандарт байхгүй санагдах юм.   

Харин “Sweetymotion” хамтлаг “Гоёл”-ын төгсгөлийг гоё хийсэн шүү. Хүмүүс тэднээр дахиулах хүсэлтэй байсан ч Монголын загварын хамгийн том үдэш энд хүрээд өндөрлөсөн. Keisha-гийн “Tik Tok”, Lady Gaga-гийн “Bad Romance” гэсэн хоёр дуу амандаа аялаад л СТӨ-нөөс гарч явлаа. Хамт үзсэн бүжигчин найз маань “Би хэрвээ жаахан өндөр байсан бол загвар өмсөгч болохгүй юу. Тэгвэл хөгжмөө мэдрээд хамаагүй гоё алхах юм байна” гэж хэлж байна. Хөөрхөн байгаа биз? Сэтгэл татмаар сайхан болсон санагдаагүй ч “Гоёл” наадам ийм л гоё мэдрэмжийг хүмүүст төрүүлдэг юм байна. Яг миний найзынх шиг ийм өд шиг хөнгөн, цайлган бодлууд олон залуу охидыг загварын тайз руу хөтөлдөг байх аа даа. Гэхдээ мэдээж бүгд супермодель байж чаддаггүй… Ирэх жилийн “Гоёл” илүү гоё болоосой. “Гоёл” наадам ингээд 23 жилийг ардаа орхиж, 12 дахь топ моделио нэрлэлээ. Загвар өмсөгч Э.Сэлэнгэ “Гоёл-2011” наадмын топ модель болжээ.

“Гоёл-2011″ наадмын шилдгүүд:

Топ модель: Э.Сэлэнгэ

Шилдэг дизайнер: Туяа /Алтай Кашемир/

Шилдэг эрэгтэй загвар өмсөгч: Далай

Шилдэг эрэгтэй загвар өмсөгч: Гэрэлчулуун

Шилдэг залуу загвар өмсөгч: Цэрэнлхагва

Сүлжмэл эдлэлийн шилдэг загвар зохион бүтээх товчоо: “Алтай Кашемир”

Оёмол эдлэлийн шилдэг загвар зохион бүтээх товчоо: “Сити дээд сургууль, Монголжингоо зохион бүтээх товчоо”

Ж.Индра
http://art.news.mn/-c

Goyol 2011 12 сар 16, 2010

designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , 5сэтгэгдэл

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Гоёл” наадам энэ сарын 16,17-нд Соёлын төв өргөөнд болно. Шинэ залуу загвар зохион бүтээгч болон загвар өмсөгчийг төрүүлэх мөн тухайн жилийн загварын чиг хандлагыг тодорхойлох зорилготой “Гоёл” наадам 23 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй нь энэ. Уг наадамд 250 гаруй загвар өмсөгч оролцохоор бүртгүүлснээс эцсийн шалгаруулалтанд 50 хүн үлдсэн байна. Эдгээр 50 оролцогчийг хоёр сарын турш бэлтгэсэн хэмээн зохион байгуулагчид ярьсан. Уламжлал ёсоор топ моделиуд шинэхэн загвар өмсөгчдийг үлгэрлэн тайзнаа алхах юм билээ. Харин “Гоёл-2011” наадмын шүүгчээр хэн хэн ажиллах нь одоохондоо нууц ч нийт долоон шүүгч байх аж. Мөн “Гоёл” наадамд “Sweetyemotion”, “Хар сарнай” зэрэг хамтлаг оролцож ая дууны мялаалга өргөх юм байна. Түүнчлэн дуучин Амархүү урилгаар оролцохоор болсон гэсэн.

http://sonin.mn/

Гоёл 2011 12 сар 15, 2010

designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , 3сэтгэгдэл


Гоё нэртэй “Гоёл” наадам наашилж байна. Ердөө гуравхан хоногийн дараа Монголын загварын тайзыг чимж явдаг гоо бүсгүйчүүд хувцас загварын хүрээний урдаа барьдаг “Гоёл” наадмын тайзнаа ширүүн өрсөлдөөн өрнүүлнэ. Хэдийгээр араасаа элдэв хэл ам дагуулах нь их ч энэ наадам хүссэн, хүсээгүй Монголын загварын ертөнц амьд байгааг сануулдаг цорын ганц тайз юм. Хорь гаруй жил сайн, муугаараа хэлүүлж байгаа “Гоёл” наадам эмнэлгийн угаагч байсан эгэл жирийн охиныг Монголын загварын ертөнцийн мөнхийн залуу хатагтай болгон хувиргасан нь топ модель Э.Одгэрэл. Эхлээд Монголд, дараа нь Азийн топоор өргөмжлөгдсөн Д.Болормаагийн амжилт, түүний өвөрмөц дүр төрх, карьер бусад зуу зуун бүсгүйчүүдийн адил “Гоёл”-оос шууд хамааралтай.

Германд суурьшин, загварын чиглэлээр багшилж байгаа мисс О.Оюунтуяа, Сингапурын загварын агентлагт уригдсан топ модель Д.Болормаагийн дүү Д.Энхсүрэн, Австралийн телевизийн шоуг гоёж яваа Г.Одончимэг, Солонгосын алдарт загвар зохион бүтээгч Андрей Кимийн үзэсгэлэнт хатагтай нарын нэг Г.Алимаа гээд монгол охид хил хязгаар туулан, дэлхийн загварын агентлаг, гоо сайхны ертөнцөд хүлээн зөвшөөрөгдөх болсон нь ч “Гоёл” наадмын бахархал юм.
Энэ удаагийн “Гоёл 2011” наадамд 250 хүнээс шилж сонгосон 50 загвар өмсөгч оролцох юм байна. Хоёр сарын турш “Гоёл”-д бэлтгэсэн бүсгүйчүүдийн тал хувь нь “шинэхэн” загвар өмсөгчид байх бололтой.

“Гоёл”-оос төрсөн 11 топ модель байдаг. Тэдний хамгийн отгон нь болох Ч.Уранбилэгээс загварын хүрээнийхэн яахын аргагүй тэсрэлт, өөрчлөлт хүлээж байгаа. Бүтэн жилийн турш загварын шоуны урилгад дарагдаж, өдөр ирэх тусам өнгө зүс нь улам гэрэлтэх болсон топ модель Х.Ундраа, Ч.Туяацэцэг, Г.Уранцэцэг, Д.Пүрэвсүрэн нар “Гоёл”-ын бэлтгэлдээ орсон сурагтай. Өмнөд Солонгост суралцаж байгаа “Азийн хатан хаан” өргөмжлөлт Г.Оюунгэрэл дахиад л энэ наадмын гол дүрийн нэг байх нь тодорхой. Сүүлийн хоёр ч удаагийн “Гоёл”-оос топ модель болох боломжоо алдсан түүнийг эгээтэй л “Ард түмний топ” гэж өргөмжлөхөөс наагуур байдаг. Олон ч наадмаас сэтгэл дундуур харьсан Г.Оюунгэрэл хатагтай энэ жил гандан буурахгүйгээр дахин тайзнаа ирэх сураг байна. Басхүү өмнөх наадмаас онцолж дуулгах мэдээ гэвэл, “Гоёл-2011” гадны зочин олонтой байх төлөвтэй. Япон, Өмнөд Солонгос, ОХУ, Тайландын загвар зохион бүтээгчид өөрсдийн загвараа моделиудын хамт Монголын “Гоёл”-д сойх болсноор өмнөх жилүүдтэй харьцуулахад олон улсыг хамрах нь ээ. “Гоёл”-ыг зорин ирсэн Японы дизайнер Аyumi Sufu гэхэд л маргааш “Шилмэл загвар”-ын ордонд өөрийн “Jazzkatze” брэндийн коллекцийг дэлгэж, япон стилийг сурталчилах гэнэ.

Соёлын төв өргөө, цав цагаан тайз, гоо бүсгүйчүүдийн үзэсгэлэн, Монгол хүний гараар урласан хувцас загварын өнгө, Монгол загварын ертөнц… Шинэ оны босгон дээр яахын аргагүй сэтгэл татдаг “Гоёл” наадам дээр уулзацгаая. Уг нь тэнд л бидэнд хамгийн ойр гоо сайхан оршиж байдаг шүү дээ.
12 - р сарын 16, 17 гээд хоёр өдөр үргэлжилнэ

http://www.iloveub.mn/

НЭГЭН АРВАНЫ ТҮҮХЭЭ ТАЙЛАГНАСАН “ТОРГО 2010” 11 сар 29, 2010

designer Монгол, Мэдээлэл-д бичсэн , 3сэтгэгдэл

Торгоор зөвхөн үндэсний хувцас ч биш, гоёлын даашинз, өдөр тутмын ажил хэрэгч загварын хослол, залуусын өмсөх өмд, цамц гээд юуг ч урлаж болохын шидийг харуулсан байгууллага бол “Торго загвар” гээд хэлчихвэл нэг их хол зөрөхгүй болов уу. Тиймдээ ч монголчууд үндэсний хувцсаараа бахархаж, өдөр тутмын хэрэглээндээ түлхүү өмсөх болсонд тус салоныхон багагүй үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Жил бүрийнхээ ажлыг үзэгчдэдээ шоу хэлбэрээр тайлагнадаг тус хамт олон нэгэн арваныг үдсэний баяраа өнгөрөгч баасан гаригт “Мишээл экспо” төвд тэмдэглэлээ

ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ЭХЛЭЛ
Шоу гэхээсээ илүүтэй ёслолын үдэшлэг хэлбэрээр өрнөдөг “Торго” наадмын хэв маяг энэ удаад ч эвдэгдсэнгүй. Үүднээ улаан хивс дэвсэж, ирсэн зочдыг дарсаар дайлан, “Торго 2010” гэсэн самбарын өмнө саатаж, патиараа татуулах боломж олгоно. Яг л барууны ёслолын ээлж дараагаар үргэлжлэх арга хэмжээ. Хүндэтгэл, ёслолын арга хэмжээнд оролцох үнэ 50 доллар. Тиймдээ ч зохион байгуулалтын хувьд сайн, хувцсаа өлгүүлэх гэж уртаас урт дараалалд зогсохг үй, ширээгээ эрэн бэдрэх ч зав олгохгүй уриалгахан үйлчилгээний ажилтнууд замчилна.
Аргагүй, эл үдэшлэгт оролцогчдын олонх нь улс төр болоод бизнес, урлаг соёл гээд салбартаа тэргүүлэгчид. Мисс Ч.Содтуяа, УИХын гишүүн Л.Гантөмөр тэргүүтэй зочид хэдийнэ суудлаа эзлэн тухалчихаж. Хөтлөгч Э.Гантулга “Торго” салоны арван жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлыг тайлагнаснаар шоу эхэллээ.
2000 онд торго бөс бараа зарах, захиалгаар хувцас оёх үйлчилгээ явуулан “Торго” салон нэртэйгээр үйл ажиллагаасаа эхэлж байсан тус компани өдгөө 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй загварын агентлаг, язгуур урлагийн тоглолтын хамтлаг, загварын хувцасны борлуулалт, захиалгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж.

ҮНДЭСНИЙ ХУВЦСАА СУРТАЛЧИЛСАН НААДАМ
Наадмын эхний коллекц элдэв гоёлгүй үндэстэн,  ястнуудын хувцас байсан нь Улс тунхагласны 86 жилийн ойд барьж буй тус хамт олны бэлэг байлаа. Тайзнаа байрлуулсан хоёр дэлгэцээр “Монгол премиум” гэсэн наадмынхаа нэрийг хадны сүг зураг мэт харагдахаар гаргаж, хөгжмийг ч тус коллекцтэй уялдуулан сонгож, “Харанга”- ын Х.Лхагвасүрэн “Толин хул”-аа дуулж байгаагаас нь харахад эх оронч сэтгэлгээг сурталчлах гэсэн нь илт. Үндэсний бүхнээ сурталчлах гэсэн шоу “Монгол премиум” гэх гадаад нэртэй байсан нь харамсалтай.

ТОПУУДАД ТООГДООГҮЙ ШОУ
Эхний коллекцийн дараа европ хувцасны жижиг хэсг үүдийг үндэсний хувцасны донж маягтай хослуулсан өдөр тутмын коллекцийг сонирхуулав. Дундад зууны үеийн язгууртан хатагтай нарын өргөн хүрээ бүхий бүрх, ангийн арьсан оруулга бүхий хүрэм, босоо захтай хослол гээд л эрхэмсэг байдлыг энгийн хувцсанд гайхалтай сайн зохицуулсан коллекц үзэгч дийн нүдийг хужирлалаа. Энэ наадмын хамгийн шилдэг коллекц болсон гэвэл мэтгэх хүн бараг л үгүй байх. Харамсалтай нь эхний таван ч цуврал өнгөрлөө.
Жил бүр “Торго”-ын наадмыг гоёдог топууд харагдсангүй. Загварын тайзнаа цөөнг үй жил гунхаж, хэдийнэ туршлагажсан хэдийгээ загварын шоу бүрт оролцуулах албагүй ч “Торго 2009” наадмын үеэр Э.Одгэрэл, Д.Болормаа тэргүүтэй Монголын загварын ертөнцийн урдаа барьдаг томчуулын танилцуулсан авангард загварын коллекцийг залуус өмссөн харагдсан. Энэ удаагийн үзүүлбэр эздэд нь таалагдсан байж болох ч, хэн, хэрхэн илэрхийлж байсныг нь өчигдрийнх мэт тод санагдах цуглуулгаа дахин дэлгэж, тэгэхдээ бүр залуу загвар өмсөгчдөд даатгасан нь үзэгчдэд таашаагдаагүй нь илт байсан.

У.ТЭНҮҮН
http://mongolnews.mn/i/13409

ОО-цаасан даашинз 11 сар 12, 2010

designer Мэдээлэл, Этгээд-д бичсэн , 3сэтгэгдэл

Канадын ОО-ын цаас үйлдвэрлэгч Cashmere компани жил болгон хөхний хорт хавдартай хүмүүст туслах зорилгоор ОО-цаасан гоёлын даашинзны уралдаан дизайнеруудын дунд зохион байгуулдаг байна.

2007 он

 

2008 он

 

2009 он

 

Энэ жил буюу 2010 онд 15 дизайнер бүтээлээрээ өрсөлдсөнөөс дизайнер Ines Di Santo түрүүлжээ.

designer_photo10-5

Бусад даашинзнуудыг : http://www.cashmere.ca/wcc_2010/english/2010.php  хаягаар орж сонирхоорой.

Дэгжин туулай 11 сар 12, 2010

designer Гадаад, Мэдээлэл-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

 http://fifi-lapin.blogspot.com/ - оос

Зураг мэт загварууд 11 сар 12, 2010

designer Мэдээлэл, Фото, Этгээд-д бичсэн , сэтгэгдэл үлдээх

central saint martins  2008 оны төгсөгч хятад оюутан xiao xiao dong зураг мэт өнцөглөг загварууд

dong2dong3dong1

түүний загваруудыг илүү дэлэшрэнгүй харахыг хүсвэл

DONG

Зохиогчийн эрх хуулиар
хамгаалагдсан © 2007 Дэлхий.нэт